Шинэ цолтнууд төрсөн сайхан наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн аймгийн баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой нийт 256 бөх барилдсанаас аймгийн заан Д.Буянт түрүүлж, аймгийн харцага Д.Ганцоож үзүүрлэлээ. Д.Буянт аймгийн арслан, Д.Ганцоож заан, Г.Гантулга харцага, Х.Дарамзагд, Ж.Баянмөнх нар нэмэх начин, Б.Баатархүү, Б.Төрмөнх нар начин цол хүртлээ. Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Д.Дашдаваа түрүүлж, Б.Түвшинжаргал үзүүрлэсэн байна. Тус аймгийн нийт нутгаар гандуу байгаа учир хурдан морьдын уралдааны замыг хууль, журмын хүрээнд тус бүр 2 км-ээр татаж уралдсан бөгөөд харьцангуй цөөн морьд уралдааны замд гарлаа. Азарганд Дарив сумын Н.Гэндэнгийн хүрэн халзан, их насанд Бигэр сумын Ц.Эрдэнэ-Очирын хул, соёолонд Тонхил сумын Ш.Эрдэнэбатын хээр, хязааланд Тайшир сумын Б.Нэргүйгийн буурал, шүдлэнд Есөнбулаг сумын А.Хоролсүрэнгийн хул, дааганд Жаргалан сумын С.Амарсайханы хар, жороод Дэлгэр сумын Н.Гэсэрбогдын хээр тус тус түрүүлж наадамчин олноо баясгаж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа. Сурын харваанд 60 гаруй сурчид цэц мэргээ сорьж, эрэгтэйчүүдээс Шарга сумын харваач П.Лхагвабаатар, эмэгтэйчүүдээс Баян-Уул сумын харваач Р.Өлзийбуян нар түрүүллээ. Шагайн харваанд багийн дүнгээр Д.Ням-Осор ахлагчтай баг, хувийн дүнгээр харваач сурагч Х.Нямболд түрүүллээ. Ийнхүү Говь-Алтай аймгийн баяр наадам шинэ цолтон, шинэ харваачид тодорсон сайхан баяр болж өндөрлөлөө.
Ш.Цоодол