"И.Маскийн хурдны хонгил зам"-ыг Нью-Йорк-Вашингтоны чиглэлд барихыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-07-27 09:53:54
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн боловсруулсан Нью-Йорк-Вашингтоны хооронд сийрэгшсэн агаартай “Hyperloop” гэдэг хонгил барих “The Boring Company” төслийг АНУ-ын эрх баригчид дэмжсэн байна. Уг хонгилоор давхих зорчигч тээврийн хурдны галт тэрэг хоёр хот хоорондох 250 км зайг ердөө 29 минутанд туулна гэж И.Маск твиттер хуудсандаа жиргэжээ.

“Дөнгөж сая Нью-йорк – Филадельфи – Балтимор – Вашингтон чиглэлийн газар дорх салаа замын шугамыг барихыг зөвшөөрсөн аман зөвшөөрлийг The Boring Company Засгийн газраас авлаа. Уг шугам нэг хотын төвөөс нөгөө хотын төвд хүрнэ. Хот бүрт орох гарах зориулалттай 10 хүртэл тооны лифт барина” гэж SpaceX болон Tesla Motors компанийн захирал тэрбээр бичсэн байна.

Сийрэгшсэн агаартай хонгилоор зорчигч тээврийн онцгой хурдан галт тэрэг явуулах төслийнхөө талаар И.Маск анх 2013 онд танилцуулж байсан юм. Ийм галт тэрэг 1000км/цаг ба түүнээс дээш хурдтай давхих боломжтой аж.  Өөрөөр хэлбэл, Амстердамаас Парис хүрэхэд ердөө хагас цаг явна, Братислава хотоос Вена хот хүрэх 70 км газрыг ердөө тавхан минутанд туулна гэсэн үг юм.
О.Барс 

 

 

 



Related news