Үндэсний ёс жаягаараа бахархсан наадам бол Нүүдэлчдийн соёлын наадам байв

ФОТО МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-07-31 12:17:14
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны Хар нуурын эрэгт болсон Нүүдэлчдийн соёлын наадам монголчуудын үндэсний бахархал, дээл хувцас, нүүдэлчдийн ахуй соёлыг цогцоор үзүүлсэн наадам боллоо.
Монголчууд бол тэнгэр заяат ард түмэн. Тиймээс  үндэсний дээл хувцас, үндэсний гоёл маань ямар ч гадны брэндээс илүү чамин, чанартай харагддаг. Тиймээс монгол хүн бүр  үндэснийхээ хувцсаар гоёоорой хэмээн Нүүдэлчдийн соёлын наадам уриаллаа. Түүнчлэн Монголчуудын эрт үеэс өнөөг хүртэлх хугацаанд танин мэдэхүй, хөгжлийн түүхийг өгүүлсэн үндэсний тоглоом, наадгайг энэ наадам үзүүллээ. Гадаад дотоодын олон жуулчин  ардын уламжлалт тоглоом наадгайгаар тоглож наадлаа. Монголчуудын тоглоом наадгай нь эрүүл мэндийн болон соёл хүмүүжлийн олон талын ач холбогдолтойг ч залуу хойч үе, гадна дотныхонд сурталчилан таниулж байв.
Нүүдэлчдийн соёлын наадам нүүдэлчдийн ахуй соёлыг үзүүлсэн наадам боллоо. Энэ үеэр монгол гэрээ өөрийн нуруун дээр үүрч явсан монгол эрчүүдийн бяр чадлыг гайхууллаа. Таван хошуу малын үүх түүх, мал маллах арга технологийг үзүүллээ. Эртний нүүдэлчдийн уламжлалт ёс жаягыг үзүүлсэн наадам боллоо.
Б.Мягмарсүрэн