Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-08-31 15:11:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаан дотор Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байна.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, ариун цэврийн станц, эрүүл мэндийн газар зэрэг олон байгууллага ажиллаж байгаад актлагдсан дан барилгыг нурааж түүний суурин дээр уг хүрээлэнг байгуулж байгаа ажээ. Тус аймгийн ихэнх хүмүүс энд мэндэлсэн гэж үздэг бөгөөд Д.Нацагдорж, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн зэрэг Монголын нэрт 12 зохиолчийн бүтээлээс ишилсэн үгсийг монгол бичгээр сийлсэн 12 жилийн дүрс бүхий чулуун хөшөөнүүдийг суурилуулаад байна.

Тус аймагт ажиллаж амьдардаг эрүүл мэндийн салбарын 13 гавьяат тус бүр нэг, нэг сая төгрөг, эмнэлгийн байгууллагуудын ажилтан албан хаагчид нэг өдрийнхөө цалингаа хандивлан эхний санхүүжилтийг хийгээд байгаа гэнэ. Энэ намар зам талбайг барьж дуусгах, хавраас мод тарих, зүлэгжүүлэх, сандал суудал бүхий сүүдрэвч гээд олон ажлууд хийгдэх ажээ. Уг хүрээлэн Алтай нутагт төрсөн хүн бүрийн хажуугаас нь харж, алс холоос төрсөн газраа зорин ирж мөргөх, хүндлэн бахархах, сүсэглэх газар болох юм байна.

                                                                                                                 Ш.Цоодол

Related news