Баянгол дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-09-15 14:32:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслол  өнөөдөр боллоо. Тус сургууль нь 60 жилийн насжилттай 470 хүүхдийн суудалтай байсан бол шинэ байр нь 960 хүүхдийн суудалтай болж өргөжсөн байна.

Нээлтийн үеэр хотын дарга хэлэхдээ, “2017 онд нийслэлд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль ашиглалтад орж, хүчин чадал 10680 суудлаар нэмэгдсэн. Улсын төсвөөр 19, нийслэлийн төсвөөр 15, нийслэлийн төсвийн тодотголоор 17 сургууль цэцэрлэгийн их засварын ажлыг 2.7 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. Ингэснээр “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн ачаалал буурч, Хурд, Алтай хотхоны хүүхдүүд гэрээсээ ойрхон сургуульд явах боломж бүрдэж байна. Өнгөрсөн онд 31 ЕБС гурван ээлжээр хичээллэж байсан бол өнөөдөр 26 болж таван сургуулийг гурван ээлжээс гаргаж чадлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгасан 22 зорилтын хүрээнд “Нийслэлийн боловсрол-2020” хөтөлбөр батлагдан гарлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон улсын болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлэхээр заасан. Тус сургуулийн хувьд хичээлийн шинэ байртай болсноор сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, дугуйлан хичээллүүлэх, багш нарын ажиллах орчин сайжирч байгаад бид бүхэн баяртай байна” гэв.

Тус сургуульд 2016-2017 оны хичээлийн шинэ жилд нэгдүгээр ангид 205 хүүхэд элсчээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Ундраа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцов.

Ж.Болор
Related news