“Номын баярын өдөр”-ийг төв талбайд тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-09-19 14:28:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран “Номын баярын өдөр”-ийг энэ сарын 22,23-нд Д.Сүхбаатарын талбайд  хамтран зохион байгуулна.
 
Номын баярын өдөрлөг Баасан гарагийн 11.40-18.00, Бямба гарагийн 11.00- 18.00 цагийн хооронд үргэлжлэх юм.
 
Энэ жилийн номын баярын  онцлог нь  хүүхэд багачуудыг багаас нь номтой нөхөрлүүлэхэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор тэмдэглэж буйн зэрэгцээ Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба, Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэн, Ч.Ойдов, зохиолч Д.Даржаа нарын мэндэлсний 100 жил, Төрийн шагналт,зохиолч Ч.Чимидийн 90, Монгол Улсын СГЗ, Төрийн шагналт, зохиолч А.Гармаагийн 80, яруу найрагч Д.Нямсүрэнгийн 70, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын 60 жилийн тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийг номын сангуудтай  хамтран сурталчлах ажлыг зохион байгуулах юм.
 
Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө, Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн болон уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Хүүхдүүдээ дэлгэцнээс аварья” аяны үйл ажиллагаа, номын хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом “Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаан болох аж.
 
Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.

Ж.Болор
Related news