МУИС байгуулагдсаныхаа 75 жилийн ойг ирэх сард тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2017-09-20 09:03:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын их сургууль /МУИС/ үүсэн байгуулагдсаныхаа 75 жилийн ойг ирэх сарын 3-6-ны өдөр тэмдэглэнэ.
 
Ойн хүрээнд баярын хурал, төгсөгчдийн уулзалт хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын ажиллагаа, баярын цэнгүүн тоглолт зэрэг хүндэтгэлийн арга хэмжээ болох юм. Мөн "Хөрөнгө  оруулагчдын форум"-ыг ирэх сарын 5-нд зохион байгуулж, түүгээрээ тус сургуулийн ирээдүйн чиг хандлагатай холбоотой төслүүдээ гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, нөлөө бүхий хүмүүст танилцуулна. Түүнчлэн энэ үеэр 16 тэрбум төгрөгөөр баригдсан Номын сангийнхаа нээлтийг хийх аж. Уг номын сан нь 7 давхар, баруун зүүн гэсэн хоёр жигүүртэй бөгөөд 420 мянган номтой байх юм.
 
МУИС нь эдүгээ 200 гаруй мянган төгсөгчийн ажил хөдөлмөрийн тавцанд гаргасан манай улсын тэргүүлэх их сургууль бөгөөд 1957 онд 15 жилийнх нь ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байжээ. Бүрэлдэхүүний хувьд 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшнийсуралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв юм.
 
1990-ээд оноос хойшхи хугацаанд дээд боловсролыг шаталсан сургалтын тогтолцоонд шилжүүлэх, кредит системийг нэвтрүүлэх, их сургуулийг санхүүгийн хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчлөх, боловсролын агуулга, стандартыг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудын жишигт ойртуулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийж ирсэн.
 
2014-2015 оны хичээлийн жилээс шинэ бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2020 он хүртэлх хөгжлийн Стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталжээ.
Б.Туул
Related news