Ахмадын өдөр угтсан цуврал тэмцээнүүд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-26 11:16:40
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд Монголын ахмадын өдрийг угтан 8 багийнхаа ахмадуудын дунд цуврал тэмцээнүүдийг зохион байгуулж эхэллээ.
Цуврал тэмцээний эхний гараа болох  явган аялал, отог засалтын тэмцээн өнгөрсөн ням гарагт боллоо. Энэхүү тэмцээнд Сүхбаатар сумын 8 багийн ахмадын төлөөллүүд оролцож, Сүхбаатар сумын “Гэрэлт”-т цогцолборт байрлах “Хулан хатан”-ны хөшөө хүртэл явганаар аялж, тэндээ отог засан шалгаруулалтаа явуулжээ. Ахмадын баяр угтсан эхний тэмцээний ялагчаар Сүхбаатар сумын “Бор гүвээ” 5-р багийн ахмадын баг тэргүүлж шагналын эзэд болсон байна. Монголын ахмадын өдрийг угтсан уг арга хэмжээг Сүхбаатар сумын 2, 3, 7-р багийн Засаг дарга нар, нийт найман багийн нийгмийн ажилтнууд зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 10 мянга гаруй ахмад настан байдаг бөгөөд Сүхбаатар суманд 2000 гаруй ахмадууд амьдардаг юм.
Дараагийн тэмцээнүүд хийн дасгал, ширээний теннис, волейбол, шатар гэсэн спортын төрлүүдээр үргэлжлэн явагдах ажээ.
Ч.Отгонцэцэг
Related news