Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-10 12:18:46

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг ирэх сарын 7-17-ны өдөр явуулахаар боллоо.

Тооллогын комиссыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ даргалах юм.
 
Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисс нь 2015 оны тооллогын бэлтгэл ажлыг дүүргийн тооллогын комисстой хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үндэсний Статистикийн хорооноос баталсан заавар, аргачлалын дагуу зохион байгуулна. Мал, тэжээвэр амьтдын тооллогын өдрүүдэд нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтэст тооллогын жижүүр өдөр бүр өглөөний 8.00-20.00 цагт ажиллаж, тооллогын аргачлал, заавартай холбоотой лавлагаа өгөхөөс гадна тооллогын явцын мэдээлэл солилцохыг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан удирдамжид тусгажээ. Мөн дүүргийн Засаг дарга нь дүүргийн тооллогын комисстой хамтран тооллогод мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулах, тооллогын явцын мэдээг хугацаанд нь мэдээлэх, дүнг нэгтгэн гаргах, тооллогын явцад элдэв зөрчил гаргахгүй байх үүргийг хүлээнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Related news