Умард Солонгост хоригдож байсан америк оюутан тархины хүчилтөрөгчийн дутагдлаас болж нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-28 14:21:31

ОХАЙО. /Америкийн дуу хоолой/. Умард Солонгос улсад 17 сарын турш хоригдож байсан америк оюутан тархины хүчилтөрөгчийн дутагдлын улмаас нас барсан байна гэж Охайогийн шүүх эмнэлгийн ажилтан лхагва гарагт мэдээлжээ.

6 дугаар сарын 19-ний өдөр нас барсан Отто Уормбиерийн үхлийн шалтгаан нь нэг жилийн өмнө авсан гэмтэл болсон байна гэж Хамилтоны шүүх эмнэлгийн ажилтан, доктор Лакшми Саммарко хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд Уормбиерын эцэг эх хараахан тайлбар өгөөгүй байгаа юм. Виржини муж улсын их сургуулийн оюутан 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 15-ний өдөр буюу суллагдах хүртлээ Умард Солонгост хоригдож байсан билээ. 22 настай О.Уормбиер АНУ-д ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэрээр тархины хүчилтөрөгч, цусан хангамжийн архаг дутагдлын улмаас нас барсан ажээ. Уормбиерын гэр бүлийнхний хүсэлтээр цогцост задлан шинжилгээ хийлгүй зөвхөн гадна үзлэг шинжилгээ хийсэн юм.

О.Уормбиер нь жуулчдын бүлэгт багтан аялж байсан бөгөөд Умард Солонгосын нийслэл Пхеньян хотын нисэх онгоцны буудлаас эх орондоо буцах гэж байхад нь баривчилсан аж. Түүнийг зочид буудлаас суртал ухуулгын хуудас хулгайлахыг оролдсон хэргээр яллаж 15 жилийн хорих ял оноосон байсан юм. Түүнийг АНУ-д буцааж авчрах үед америк эмч нар тархины гэмтэлтэй гэж оношилсон бөгөөд тэрбээр ирснээсээ хойш хэд хоногийн дараа нас баржээ. 

 Х.Сарнай 
 

 

Related news