Обама “Facebook”-т хуудас нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-10 13:49:31

ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Facebook” нийгмийн сүлжээнд өөрийн хуудсыг албан ёсоор нээжээ.

“Сайн байна уу, Facebook! Ямартаа ч өөрийн гэсэн хуудастай боллоо. Та бүхэн энэ хуудсыг манай орны өмнө тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлуудыг бодитоор хэлэлцэх боломжтой талбар гэж үзнэ гэдэгт найдаж байна” гэж АНУ-ын төрийн тэргүүн бичээд хуудсанд сэтгэгдлээ үлдээж, хоорондоо санал бодлоо солилцохыг уриалжээ.

Обама хуудсандаа үлдээсэн мэдээлэлдээ “үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө эх дэлхийгээ хайрлаж хамгаалах” нь чухал болохыг мэдэгдсэн байна. Үүний тулд уур амьсгалын өөрчлөлтийг шийдэх ёстой гэж тэрбээр хэлсэн байна. Энэ асуудлыг Обама Францын нийслэл Парис хотод 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 11 хүртэл үргэлжлэх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар 21 дүгээр бага хурлын үеэр бусад орны удирдагчидтай хэлэлцэх юм.

Обамагийн “Facebook”-т нээсэн хуудас нь америкчуудтай онлайнаар шууд харилцах шинэ хэрэгсэл болно гэж Цагаан ордны цахим хуудсанд мэдээлжээ.

Амралтын өдрүүдэд Обама өөрийнхөө тухай “Эцэг, эр нөхөр, АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч” нэртэй нийтлэл бичжээ. Түүний хуудас хэдийн 100 мянга гаруй хүнд “таалагдсан байна”.

Обама урьд нь “Twitter” сүлжээ болон Цагаан ордны албан ёсны блог хуудсыг ашигладаг байжээ. Тавдугаар сард “Twitter” дэх түүний @POTUS  хувийн аккаунтыг дагагчдын тоо нэг саяд хүрч дээд амжилт тогтоосон байна.

Д.Жаргал

 

 

Related news