“Алтайн урчууд-2017” үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-10-09 11:14:21
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн орон нутгийг судлах музейтэй хамтран “Алтайн урчууд-2017” үзэсгэлэнг хоёр хоногийн хугацаатай зохион байгууллаа.
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын гар урлалын бүтээлийг олон нийтэд сурталчлах, өвлөн дэлгэрүүлэх, тэдний бүтээлийг худалдан борлуулах зорилгоор зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд 18 сумын 62 иргэн 620 гаруй бүтээлээр оролцсон байна. Энд уран зураг, алт, мөнгөн эдлэл, хатгамал, сийлбэр, арьсан болон суран эдлэл, ноосон бүтээгдэхүүн болон яс, бог малын гүзээ, цоохор сархинаг зэргийг монгол аргаар боловсруулан хийсэн уут сав зэрэг олон сонирхолтой зүйл тавьсан байлаа.
Үзэсгэлэн зохион байгуулагчид Тайшир сумын алт, мөнгөний дархан Д.Цэрэнтогтохын хулангийн туурай, хотонгийн хошууны мөнгөн тоноглол, бусад мөнгөн эдлэл, Есөнбулаг сумын П.Даваасүрэнгийн зүү ороож хийсэн эрэгтэй, эмэгтэй бүс, Гуулин тосгоны Б.Галбатын таван хошуу малын сийлбэр зэрэг бүтээлийг эхний байруудад шалгаруулж алт, мөнгө, хүрэл цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. Мөн тусгай байранд 20 хүний бүтээлийг шалгаруулж шагнасан байна. “Алтайн урчууд” үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулах ажээ.
                                                                                                                Ш.Цоодол
Related news