Франц, Иран, АНУ-д дахин халдлага гарч болзошгүй гэж сануулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-16 12:59:15

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. "Лалын улс” бүлэглэл АНУ, Франц, Иран зэрэг хэд хэдэн оронд террорист халдлага үйлдэхээр төлөвлөсөн байна гэж Иракийн Гадаад хэргийн сайд Ибрагим аль-Жафари мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэл АНУ, Франц, Иран зэрэг хэд хэдэн оронд террорист халдлага зохион байгуулахаар төлөвлөсөн болохыг Иракийн тагнуулын байгууллагын эх сурвалжаас олж мэдсэн бөгөөд энэ тухай дээр дурдсан улсуудад бүгдэд нь дуулгасан гэж тэрбээр мэдэгдээд, “Лалын улс” орон болгонд заналхийлж байна. Тус бүлэглэл Сири болон Иракийн өргөн уудам газар нутгийг эзлэн авсан бөгөөд тэдний үйл ажиллагаа бусад оронд тархаж болзошгүй гэж сануулав.

“Лалын улс” бүлэглэл нь дэлхий дахинд заналхийлж байгааг Египет, Ирак, Ливан, Францад болсон халдлагууд нотолж байна гэж тэрбээр мэдэгдэв.

Баасан гарагийн орой Францын нийслэл Парис хотод хэд хэдэн цуврал халдлага болж, үүний улмаас 129 хүн амиа алдаж, 352 хүн шархадсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд онц байдал зарлаж, улсынхаа хилийг хаасан байна.

Д.Нямтулга

 

Related news