Бээжингийн цэцэрлэгүүдийг хяналтын байцаагчтай болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2017-11-27 10:56:46
БЭЭЖИН. /Шиньхуа/. Бээжин хотын бүх цэцэрлэгийг боловсролын хяналтын улсын байцаагчтай болгоно гэж тус хотын албаны хүн мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.

Бээжин хотын Чаоян дүүрэгт орших “RYB Education” асрамжийн газрын цэцэрлэгийн багш хүүхдүүдийг зүүгээр хатгаж, хүүхдүүдэд үл мэдэх тариа тарьсан гэх хэрэг саяхан гарсны улмаас олон нийт бухимдаж, эсэргүүцлээ илэрхийлэх болсонтой холбоотойгоор Бээжингийн Боловсролын хяналтын газар дээрх шийдвэрийг өчигдөр орой гаргасан байна.

Бээжингийн Боловсролын хяналтын газар нь цэцэрлэг тус бүрт боловсролын хяналтын нэг улсын байцаагч томилохыг бүх дүүргийн Засаг даргын тамгын газарт үүрэг болгожээ.

Хяналтын байцаагчид нь цэцэрлэгийн эрүүл ахуй, аюулгүй байдал ба удирдлагуудад хяналт тавьж, хяналт шалгалтынхаа тайлангаар мэдээллийн сан бий болгох аж. Одоо тус хотын бүх цэцэрлэгийг холбогдох албаны хүмүүс шалгаж байгаа гэнэ.
 
Г.Доржханд
Related news