Тайваньд бараг 9 цагийн турш солонго татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-12-05 14:35:07
ТАЙПЭЙ. /Би-Би-Си/. Өнгөрсөн долоо хоногт Тайваньд бараг есөн цагийн турш солонго татсан байна. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн урт хугацаанд солонго татсан тохиолдол болж байна гэж “Би-Би-Си” телевиз мэдээлэв.

2017 оны 11 дүгээр сарын 30-нд буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Тайванийн хойд нутагт найман цаг, 58 минутын турш солонго татсан гэнэ. Тайвань дахь Хятадын соёлын сургуулийн оюутнууд болон багш нар байгалийн энэ гайхамшигт үзэгдлийг дүрс, зургаар баримтжуулсан аж.

Хэрвээ дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номны албаны хүмүүс энэ үзэгдлийг “хамгийн урт хугацаанд солонго татсан тохиолдол” гэж хүлээн зөвшөөрөх юм бол энэ нь 1994 оны гуравдугаар сарын 14-нд Английн Йоркшир хошуунд зургаан цагийн турш солонго татсан амжилтыг эвдэх юм.

“Энэ бол үнэхээр гайхамшигтай хэрэг. Би үүнийг тэнгэрээс өгсөн бэлэг гэж үзэж байна. Маш ховор тохиодол” гэж Хятадын соёлын сургуулийн багш Чоу  Куньшуань ярьжээ. Судлаачдын мэдэгдсэнээр, солонго нь ерөнхийдөө нэг цагаас илүү урт хугацаагаар татдаггүй юм.



Г.Доржханд
 
Related news