Ордос Монголын түүхийг өгүүлэх үзэсгэлэнг нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.mn
2015-11-19 18:01:28

БЭЭЖИН. /Chinadaily/. Чингис хааны байгуулсан Ордос Монголын түүх, соёлыг таниулах үзэсгэлэн БНХАУ-ын Шэньси мужийн нийслэл Сиань хотын Шэньси түүхийн музейд 2016 оны хоёрдугаар сарын 15-нд нээгдэнэ.

“800 жил бөхөөгүй шидэт гэрэл” үзэсгэлэнг Өвөр Монголын Ордос музей болон Шэньси түүхийн музей хамтран зохион байгуулах ажээ. Өвөр Монгол нь 13 зууны үеэс Чингис хааны ордон, шүүхийг хамгаалж ирсэн Ордос овгийнхны өлгий нутаг болсон байна.

Их Эзэн Чингис хааны шүтлэг, Монгол гүрний дээд өргөлийн соёл, Монгол Ханлигийн уламжлалт нүүдэл болон ордны анхны соёл, Ордос Монголын түүх, соёлын өвөрмөц онцлог зэрэг уламжлалт соёлыг Ордост амьдардаг монголчууд үеэс үед уламжлан иржээ.

Монголын уламжлалт ёс заншлыг хамгийн сайн хадгалан үлдсэн газруудын нэг нь Ордос бөгөөд Чингис хааны Ордост түгээсэн соёлын мөн чанарыг харуулах зорилгоор Ордос Монголын соёлын онцлогийг агуулсан 200 гаруй дурсгалт зүйлийг олон нийтэд дэлгэн харуулах ажээ. Мөн 13 дугаар зуунаас хойш Ордос Монголын хадгалан ирсэн ардын соёлын олон төрлийг уг үзэсгэлэнгээр харуулна.

Энэ үзэсгэлэн нь хоёр музейн хооронд соёлын солилцоо хийх төслүүдийн нэг юм. Энэ жилийн эхээр Шэньси түүхийн музей Хятадын эртний адууны соёлын үзэсгэлэнг Ордос музейд гаргажээ. Харин хариуд нь Ордос музей ирэх жилийн үзэсгэлэнг Шэньси түүхийн музейд гаргахаар болсон байна.

Д.Нямтулга

 

Related news