Мексикчүүд олноор АНУ-ыг орхижээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-20 10:16:29

ВАШИНГТОН. /BBC/. Цагаачдын урт хугацааны урсгал эсрэгээр эргэж, АНУ-ыг орхиж буй мексикчүүдийн тоо цагаачилж буй иргэдийн тооноос давжээ.

АНУ-д амьдарсныхаа дараа гэр бүл, АНУ-д төрсөн хүүхдүүдээ дагуулан 1 сая гаруй мексикчүүд 2009-2014 оны хооронд Мексикт эргэн суурьшжээ. Харин мөн хугацаанд 870 мянган мексикчүүд АНУ руу нүүсэн нь 140 мянган хүний цэвэр зөрүү үүсгэж байна.

АНУ-ын эдийн засгийн жигд бус сэргэлт уг нүүдлийн шалтгаан болжээ. 2009 оны АНУ-ын эдийн засгийн уналтаас хойш, шилжин суурьшигчид ихэвчлэн ажилладаг барилга зэрэг  салбарт өсөлт гараагүй байна.

Хилийн аюулгүй байдлыг чангатгасан нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд хэлэлцсэн асуудал юм. Тэгвэл бүртгэлгүй мексикчүүд АНУ-д нэвтрэхийг одоогийн хилийн хараа хяналт хязгаарласан гэж “Pew” судалгааны төвийн мэдээлэлд бичжээ.

Мөн АНУ-д хууль бусаар нэвтэрсэн шилжин суурьшигчдыг албадан гаргах хүчин чармайлтаа тус улс нэмсэн билээ. Гэвч нутаг буцсан мексикчүүдийн дийлэнх нь өөрсдийн хүслээр АНУ-ыг орхисон байна.

Х.Аминаа

 

Related news