Дэлхийн хоёр дахь том алмаз олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-20 10:47:40

ГАБОРОНЕ. /BBC/. Дэлхийд эрдэнийн чанараар хоёрт орох том алмазыг Ботсвана улсад олсон гэж “Lucara Diamond” компани мэдээллээ.

Ботсвана улсын нийслэл Габороне хотоос  хойш 500 кмт орших Карове уурхайд 1111 каратын эрдэнийн чулууг олборлосон байна. Ботсвана улсад олдож буй хамгийн том алмаз бөгөөд мөн нэг зуунаас урт хугацаанд олдсон хамгийн том олдвор юм байна.

3106 каратын “Куллинан” алмазыг 1905 онд Өмнөд Африкаас олборлож, 9 хэсэг хуваасны дийлэнх нь Их Британийн Эрдэнийн титэмд хадгалагдаж байна.

“Нэг зууны хамгийн том олдвор, 1000 гаруй каратын эрдэнийн чулуу олсны ач холбогдлыг хэтрүүлж болохгүй” гэж Канадын алмаз үйлдвэрлэгч “Lucara Diamond” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Уильям Лэмб хэлсэн байна.

Мөн 813 карат, 374 каратын хоёр цагаан алмазыг Карове уурхайгаас олборлосон тухай тэрбээр мэдэгдэв. “Дэлхийн түүхэнд олборлож байсан хоёр дахь, зургаа дахь том алмазыг олсон “Lucara” компанийн хувьд сайхан долоо хоног болж байна” гэж Лэмб нэмж хэлжээ.

Х.Аминаа

Related news