Гэр хорооллыг орон сууцжуулах тухай хэлэлцүүлгийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-26 12:52:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын явц, авч хэрэгжүүлэх арга замын тухай” болон “НИТХ-ын хороодын бүтэц өөрчлөх тухай” асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч түр хойшлууллаа.

“НИТХ-ын хороодын бүтэц өөрчлөх тухай” тогтоол нь нийслэлийн 1.3 сая хүн амын аж амьдралтай холбоотой чухал шийдвэр гаргах ИТХ-ын дэгийн хэрэгжилттэй салшгүй холбоотой юм. Тиймээс энэхүү асуудлыг НИТХ-ын хуралдааны дэгт өөрчлөлт оруулах асуудалтай хамт хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хэллээ.

Мөн НИТХ дахь МАН-ын дарга С.Мөнхчулуун, “Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр” боловсруулж өргөн барьсан. Энэ хөтөлбөрт гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр Засгийн газар, УИХ болон нийслэлээс хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй оруулсан. Тиймээс “Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын явц, авч хэрэгжүүлэх арга замын тухай” танилцуулгыг дээр дурьдсан дэд хөтөлбөртэй хамт 14 дүгээр ээлжит хуралдаанаар хэлэлцэх ёстой” гэв. Нийслэлийн Засаг дарга ч энэхүү саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Харин НИТХ-ын төлөөлөгч С.Батсүмбэрэл, Э.Бат-Үүл нар гэр хорооллыг орон сууцжуулах нь Улаанбаатар хотын ирээдүйн хөгжил, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, агаарын бохирдлыг бууруулахтай салшгүй холбоотой тул танилцуулгыг хойшлуулах шаардлагагүй хэмээв.

Ийнхүү санал хураалт явуулахад МАН болон АН-ын бүлгийн даргын саналыг олонх дэмжиж, дээрх хоёр асуудлыг түр хойшлууллаа.

Ч.Ариунболд
Related news