Иргэдийн газрын асуудлыг 21 хоногт шийдвэрлэж өгөх үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-12 15:50:30
Улаанбаатах /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэдийн газар өмчлөлтөй холбоотой өргөдөл гомдлыг 21 хоногийн дотор шийдвэрлэх үүргийг Нийслэлийн 9 дүүргийн газрын албаны дарга нарт үүрэг болгов.

Иргэдээс НИТХ-д ирсэн гомдолд хамгийн ихээр зонхилж байгаа нь газар өмчлөх болон эзэмшихтэй холбоотой асуудал юм. Иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын 35 хувийг газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах, 19 хувийг эрх шилжүүлэх, 22 хувийг зориулалт талбайн хэмжээ өөрчлөх, 20 хувийг эрх баталгаажуулах, лавлагаа, мэдээлэл, тодорхойлолт авах хүсэлт, 4 хувийг гэрээ, гэрчилгээ нөхөн авах, барьцаа бүртгэх, хасуулах үйлчилгээг авах хүсэлт эзэлж байна. Иймд ИТХ-ын дарга С.Амарсайхан дүүргүүдийн газрын албаны дарга нарт 21 хоногийн хугацаанд иргэдийн газрын маргааныг шийдвэрлэх үүрэг өглөө.

Нийслэлийн газрын алба албан хэрэг хөтлөлтийн Edoc, Smart city программуудаар дамжуулан цахим хэлбэрээр иргэдийн ирүүлсэн өргөдөл, гомдлыг бүртгэн авч байна. Тэгвэл энэхүү программаар дамжуулан 34949 өргөдөл гомдол хүлээн авснаас шийдвэрлэлт 94 хувьтай байгаа аж.

Ч.Ариунболд
Related news