Улсын аварга малчны хотонд ингэ ихэрлэжээ

ФОТО МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2018-03-16 11:12:48
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж байгаа Улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс энэ сарын 4-ний өдөр ихэр цагаан ботго гарчээ.
Х.Мөнхболд одоогоос 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол өдгөө 40 гаруй болж өсөөд байна. Нийтдээ 10-аад ингэтэй, жилдээ тав орчим нь ботголдог. Харин энэ хавар ихэр ботго гарсан нь түүнийг төдийгүй Дорнодчуудын магнайг тэнийлгэлээ.  Ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс Монголчууд сайн цагийн эхлэл хэмээн бэлгэдэж ирсэн түүхтэй бөгөөд хэдэн мянган тэмээтэй газарт ч ховор тохиол учир Дорнод нутгийнхан ихэд бэлгэшээж байна. 
“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Таван хошуу мал сүргийн бүтцийн уламжлалт зохицолдоог алдагдуулахгүй байх, дэлхий дахины ач холбогдлыг эрхэмлэн үзэх, тэмээн сүргийн тоо, толгойг өсгөх, ашиг шим, чанарыг сайжруулах, ачлага, уналга эдэлгээний чиглэлээр үржүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготойгоор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар хуралдааны 09 дүгээр тогтоолоор “Тэмээ” дэд хөтөлбөрийг батлуулан ажиллаж байна. 
Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцэст 2,057,808 толгой мал тоолуулж, түүний дотор тэмээ 5579 толгой буюу 0,3 хувийг эзлэж, 2016 онтой харьцуулахад 396 толгой буюу 7,6 хувиар өссөн дүнтэй байна.
Манай аймгийн хувьд нийт малын тоогоор улсад 16 дугаарт эрэмбэлэгдэж, нийт тэмээнийхээ тоогоор 11 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
 Д.Дэлгэрмаа