ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 34 хувьтай байна
ХИЛИЙН ЧАНАДААС
Москва /МОНЦАМЭ/. ОХУ даяар нөөдөр өрнөж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц Москвагийн цагаар 14:00 цагт 34.7 хувьтай байна хэмээн ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий комиссоос мэдээллээ.
Өглөөгүүр ахмадууд сонгуульдаа идэвхтэй оролцдог бол үдээс хойш залуучуудын ирц нэмэгддэг хэмээн Москва хотын 2161, 2162 дугаар санал хураах байрны ажилтнууд хэлж байв. Тус санал хураах байранд саналаа өгч буй Москва хотын Баруун-Өмнөд Засаг захиргааны тойргийн сонгогчдын сэтгэгдлээс хүргэе.
“Сэтгэгдэл баяр хөөртэй сайхан байна. Өнөөдөр Москвад цэлмэг, нартай, сайхан өдөр болж байна. Одоогийн Ерөнхийлөгч маань бүх талаараа миний шаардлагад нийцдэг учир түүнийг дахин сонгогдоосой гэж хүсэж байна. В.Путин улс орноо зөв удирдаж, гадаад болон дотоод бодлогоо чанартай хэрэгжүүлдэг. Түүнийхээ хажуугаар бусад улс орны ард түмэнтэй найрсаг сайхан харилцаатай байдаг. Энэ завшааныг ашиглаад түүхэн найрамдалт Монголын ард түмэнд мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн оршин суугч Николай Сурайкин ярив.
Тэтгэврийн насны хөгшчүүл, ахмад дайчдад илүү анхаарах хэрэгтэй байгааг саналаа өгч буй ахмадууд онцолж байв.
“Бид дайн дажныг туулан, эх орноо хамгаалсан. Харин одоо биднийг төдийлөн сайн харж хандахгүй байгааг онцлон хэлмээр байна. Одоогийн Ерөнхийлөгч маань улс орноо хэрхэн удирдах тал дээр арвин их туршлагатай учир түүнийг дахин сонгогдоосой гэж хүсэж байна” хэмээн мөн тус тойргийн оршин суугч, ахмад дайчин Елена Петровна сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Дашрамд дурдахад Алс Дорнодын хотуудад сонгуулийн санал хураалт дууссан бөгөөд удахгүй анхны дүн гарч эхлэх юм. Уг бүс нутагт сонгуулийн ирц өмнөх жилүүдийнхээс 10 гаруй хувиар өндөр байсныг албаны хүмүүс онцолж байна. Санал хураалт орон нутгийн цагаар 20:00 цагт өндөрлөж, санал тоолох ажиллагаа эхэлнэ.
Л.Нандиа