Мария Захарова: АНУ болон Европын холбооны дарамт шахалтыг мартахгүй

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-03-27 10:51:21
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова АНУ болон Европын холбоо
Их Британид тал засахын тулд ямар ч ор үндэслэлгүй шийдвэр гаргаж буйг буруушаав.
ОХУ даяар гашуудаж буй хүнд цаг үед дарамт шахалт үзүүлж буй улс орнуудыг ОХУ мартахгүйг тэрбээр онцолсон юм.
 Энэ сарын 26-ны өдөр АНУ, Европын холбооны улсууд Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт ОХУ-ыг буруутган тус улсын 100 орчим дипломатыг нутгаасаа албадан гаргах шийдвэр гаргасан.
 Тодруулбал Вашингтон дахь ОХУ-ын ЭСЯ-ны 46 дипломат, Нью-Йорк дахь Ерөнхий Консулын газрын хоёр ажилтан болон НҮБ дахь 12 төлөөлөгчийг долоо хоногийн дотор АНУ-ыг орхин явахыг шаардсан бол Канад, Герман, Польш, Франц, Чех, Испани, Итали, Нидерланд, Норвеги тэргүүтэй Европын холбооны 20 орчим улс 50 гаруй Оросын дипломатыг нутгаасаа гаргах болсон тухайгаа мөн мэдэгдсэн.  
Их Британий нөлөөнд автсан улсуудын энэхүү шийдвэрийг ОХУ-ын ГХЯ ямар ч ор үндэслэлгүй, алсын хараагүй шийдвэр болохыг онцлоод хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.
ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өөрийн Фэйсбүүк хуудсандаа “АНУ болон Европын холбооны улсуудад хүнд цаг үе тохиоход бид үргэлж туслалцаа үзүүлдэг байсан. Харин өнөөдөр бид эдгээр улс орнуудаас эмгэнэлийн бичиг хүлээн авсан хэдий ч тэдний үнэн төрх гаргасан үйлдлээр нь илэрлээ. Үүнд итгэх хэцүү, мартах бүр хэцүү” хэмээн бичив. Дашрамд дурдахад өнгөрөгч ням гарагт ОХУ-ын Кемерово хотын нэгэн худалдааны төвд гарсан гал түймэрийн улмаас 64 хүн амь үрэгдэж 50 гаруй хүн бэртэж гэмтсэнтэй холбогдуулан Кемерово мужид гашуудал зарласан. Ойрын гурван хоногтоо ОХУ болон Кемерово мужийн тугийг бөхийлгөж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сайн дураараа цэнгээнт нэвтрүүлэг, реклам зэргээ түр зогсоогоод буй юм. 
Л.Нандиа
 
 
    

Related news