Франц улс хүүхдийн сургуульд орох насыг 3 болгож доошлуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2018-03-28 11:32:22
ПАРИС. /Би-Би-Си/. Францад хүүхдүүд зургаан настайдаа сургуульд ордог байсан бол тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны санал болгосон шинэчлэлийн хүрээнд 2019 оны хичээлийн шинэ жилээс эхлэн гурван настайгаасаа сургуульд сурахаар болж байна гэж “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Ингэснээр Франц нь ерөнхий боловсролын сургуульд элсэх нас хамгийн доогуур Европын улс болж байна. Гэхдээ энэ өөрчлөлт нь тус улсын тийм ч олон хүүхдэд нөлөөлөхгүй бололтой. Учир нь францчуудын дийлэнх нь өөрсдийн хүсэлтээр хүүхдүүдээ гурван настайгаас нь сургуульд явуулдаг болоод удаж байгаа гэнэ.

Францын Засгийн газраас гаргасан статистик мэдээнээс үзвэл, Э.Макроны өөрчлөлт нь тус улсын хүүхдүүдийн ердөө 2.4 хувьд нь л нөлөөлөх аж.

Ерөнхийлөгч Э.Макрон хэлэхдээ “Францын бага орлоготой эцэг эхчүүд болон хилийн чанадад амьдарч буй францчууд хүүхдүүдээ эрт сургуульд оруулж чаддаггүй. Тиймээс боловсролын тэгш бус байдлыг багасгах зорилгоор ийм шинэчлэл хийж байна” гэжээ.

Одоогоор, тус улсын нийслэл Парис хотод амьдарч буй гурван настнуудын 93 хувь нь сургуульд сурч байна.

Европт хүүхдүүд хэдэн настайгаасаа сургуульд ордог вэ?

Дөрвөн настайгаас: Ирланд

Таван настайгаас: Кипр, Англи, Мальта, Шотланд ба Уэльс

Зургаан настайгаас: Австри, Бельги, Хорват, Чех, Дани, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Лихтенштейн, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, Румын, Словак, Словени, Испани, Швейцарь ба Турк

Долоон настайгаас: Болгар, Эстони, Финланд, Латви, Литва, Польш, Серби ба Швед

Г.Доржханд

Related news