Хятад улс Евро-Азийн эдийн засгийн холбоотой “Худалдааны хамтын ажиллагаа”-ны хэлэлцээр байгуулна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-04-04 20:32:42
Бээжин /МОНЦАМЭ/. “Хятад улс Евро-Азийн Эдийн засгийн холбоо”-той байгуулах “Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа”-ны хэлэлцээрт тусгах агуулгыг талууд аль хэдийн хэлэлцэж тохиролцсон хэмээн БНХАУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Ли Жинюань өчигдөр Москва хотод зохион байгуулагдаж буй Эдийн засгийн форумын үеэр мэдэгдлээ. Түүний хэлснээр талууд энэ оны эхний хагас жилд тус хэлэлцээрийг үзэглэх ажээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ “Энэхүү хэлэлцээр нь Хятад улсын “Бүс ба зам” санаачилга Евро-Азийн эдийн засаг, худалдааны холбоотой холбогдож буй томоохон ололт юм. Тус хэлэлцээр Хятад улсад болон Евро-Азийн Эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хувьд чухал ач холбогдолтой. Хэлэлцээр байгуулснаар татвар худалдааны аливаа саадгүй, илүү хялбар болж Хятад, Оросын болон тус холбооны гишүүн орнуудын хоорондын эдийн засгийн харилцаа улам бүр гүнзгийрнэ” гэв.  
“Хэлэлцээрийн хэрэгжилтийн байдлаас хамаарч тохиромжтой цаг үед Хятад, Евро-Азийн Эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг хэлэлцэнэ” гэдгийг тэрээр дурдсан байна.
 Дашрамд дурдахад, Евро-Азийн Эдийн засгийн холбоонд ОХУ, Беларусь, Казакстан, Киргизстан, Армен гэсэн өмнө нь ЗХУ-ын бүтцэд байсан 5 улс багтдаг бөгөөд гишүүн улсууд эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилготой олон улсын байгууллага юм.  
 
А.Анхбаяр
 

Related news