Сэтгүүлч Ш.Эрхэс Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд “Мадридын дерби”-г үзжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д ирэх зургадугаар сард болох “Хөлбөмбөг Нөхөрлөлийн Төлөө” 210 орны хүүхдийн фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцох Ш.Эрхэс хүүд “Реал Мадрид”, “Атлетико Мадрид” багуудын тоглолтыг дэргэд нь очиж сонирхох ховорхон завшаан тохиожээ.

Тэрбээр уг фестивальд шалгарууулалтаар залуу сэтгүүлчийн эрх авсан бөгөөд өнгөрсөн ням гарагт дэлхийн хамгийн алдартай Испанийн “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд “Реал Мадрид”, “Атлетико Мадрид” багууд тоглож үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн тоглолтыг үзжээ. Тус тоглолтыг зорин үзсэн Ш.Эрхэсийн шүтэн биширдэг хөлбөмбөгчид болох Криштиано Роналдо, Антуан Гризманн нар энэ удаа гоол оруулсан нь түүнд мартагдашгүй сайхан дурсамж болсон байна.

Ш.Эрхэс хүү зургаан жил төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэсэн бөгөөд Испанид олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд орж, тусгай байр эзэлснийхээ дараа ийнхүү Мадрид хотын дерби /нэг хотын 2 баг хоорондоо тоглох /-г үзжээ.

Залуу сэтгүүлч Ш.Эрхэс, авьяаслаг тоглогч Э.Даринчулууны хамтаар ирэх зун “Хөлбөмбөг Нөхөрлөлийн Төлөө” олон улсын фестивальд Монгол улсаа төлөөлөн оролцож хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаанд өөрсдийн биеэр оролцон, үзэж сонирхох эрхийг гардан авсан билээ.
Д.Өлзий