Хятад, Америкийн худалдааны дайн Хятад улсын эдийн засгийг мухардалд оруулж чадахгүй

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-04-17 23:46:34

Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ, АНУ-ын хооронд өрнөөд буй Худалдааны дайн нь Хятад улсын эдийн засгийг мухардалд оруулахгүй бөгөөд эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжлийг өөрчилж чадахгүй хэмээн өнөөдөр тус улсын Үндэсний Статистикийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Шин Жихун мэдэгдлээ.
БНХАУ-ын  Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албанаас өнөөдөр энэ оны нэгдүгээр улирлын эдийн засгийн тайланг танилцуулсан ба тус улсын ДНБ 6,8 хувийн өсөлттэй гарчээ. 

Сүүлийн үед анхаарлын төвд байгаа Хятадын гадаад худалдааны талаар Шин Жихун хэлэхдээ “Хятад улс анхнаасаа л гадаад худалдаан дахь ашгийн асуудалд анхаарал хандуулж, хөөцөлддөггүй байсан. Манай улсын экспорт нэмэгдэж буй нь бидний өрсөлдөх чадвар сайн байгаатай холбоотой. АНУ-тай хийж буй Худалдааны асуудалд байр сууриа хатуу илэрхийлсэн. Манай улс улам бүр нээлттэй эдийн засгийн бодлого баримталж байна. Бидний худалдааны орчин маш том хэвээр байна. Дотоодын аж ахуйн нэгжүүдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар экспорт, импортынхоо тэнцвэрийг хадгалж чадна” гэв.
Тэрээр “Хятад улсын гадаад худалдааны салбарт баримталж буй гол бодлого бол худалдааны тэнцвэртэй байдал. Худалдааны тэнцвэрт байдал нь эргээд улсын дотоод эдийн засгийн хөгжилд тустай” гэдгийг онцлов.
Мөн тэрбээр Хятад улс гадаад худалдааны дайнд эдийн засгийн мухардалд орохгүй гурван жишээг хэллээ.
Түүний хэлснээр “нэгдүгээрт, Хятад улсын эдийн засгийн уян хатан шинж, дасан зохицох чадвар сайн. Бид экспортын том улс байгаад зогсохгүй экспорт, импорт хосолсон том улс болоод байна. Энэ төрлийн бүтцийн шинжтэй өөрчлөлтүүд нь Хятад улсын эдийн засгийн тогтвортой, уян хатан байдлыг бататгасан. Хоёрдугаарт, нөөц боломж хангалттай байна. Хятад улсад 170 сая гаруй өндөр дээд хэмжээний боловсролтой боловсон хүчин бий. Энэ бол Хятадын эдийн засгийн хөгжлийн найдвар. Үүнээс гадна эдийн засгийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, төвөгтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх чадвар ч сайжирсан. Гуравдугаарт, маневр хийх боломж. Хятад улсын одоогийн эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжил, санхүүгийн тогтвортой байдал, гадаад валютын нөөцөөр дэлхийд тэргүүлж байна. Тиймээс Хятад улс АНУ-тай хийх худалдааны дайнд аливаа эрсдэл сорилтууд тулгарсан ч эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжлийг хадгалж чадна” гэв. 

А.Анхбаяр

Related news