Ази Европыг холбосон транзит тээвэр хийх боломжоо танилцуулна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-04-18 10:41:04
Москва /МОНЦАМЭ/. Олон улсын тээвэр логистикийн үйлчилгээ, технологийн XXIII үзэсгэлэн энэ сарын 17-ны өдөр Москва хотын “Крокус Экспо” төвд нээлтээ хийлээ. Гурван өдөр үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд Монгол Улс анх удаа оролцож буй бөгөөд үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр “Транзит Монгол -2018” форумыг зохион байгуулж Ази Европыг холбосон тээврийн системд Монгол Улс хямд, чанартай транзит тээврийн үйлчилгээ үзүүлэх боломжоо танилцуулах юм.
Тээвэр логистикийн салбарын томоохон арга хэмжээний нэгд тооцогддог уг үзэсгэлэнд дэлхийн 25 орны 394 тээврийн байгууллага, аж ахуйн нэгж оролцож буйн дотор Улаанбаатар төмөр зам /УБТЗ/, Монголын төмөр зам /МТЗ/, Иргэний Нисэхийн Ерөнхий газар зэрэг Монгол Улсын төмөр зам, Агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээврийн байгууллага, тээвэр зуучийн компаниудын төлөөлөл багтаж байна.
МТЗ, УБТЗ, Зам тээвэрийн хөгжлийн яамтай хамтран 2017 оноос “Транзит Монгол” цуврал форум зохион байгуулж буй юм. Энэхүү форумын гол зорилго өөрийн нутгаар дамжин өнгөрөх ачааны хэмжээг нэмэгдүүлэхэд оршино.
“Транзит Монгол” анхдугаар форум өнгөрөгч оны 4 дүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод амжилттай болсон. Форум зохион байгуулснаар 2017 онд Монгол Улсын транзит тээвэр 25 хувиар, чингэлгийн тээвэр 3.5 хувиар тус тус нэмэгджээ.
Транзит тээвэр монголын нутгаар 39 цаг тээвэрлэдэг байсан бол тээврийн хурдыг нэмж, хил гаалийн үйлчилгээг хялбарчилснаар 29 цаг тээвэрлэдэг болж, дамжин өнгөрөх ачаа тээвэрт тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлснээр ийнхүү тээврийн урсгал нэмэгдсэнийг албаны хүмүүс онцлов.
 “Бидний тулгуур болсон хоёр том хөршдөө өөрсдийгөө танилцуулах зорилгын хүрээнд Москвад Транзит Монгол-2018 форумыг зохион байгуулах гэж байна. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, алдаагаа засч, хөгжин дэвжихэд энэхүү форум чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ TransRussia гэх тээвэрчдийн томоохон гэр бүлд нэгдэж, Монголын дуу хоолойг хүргэх юмсан гэсэн хүсэл минь өнөөдөр биелж байна. ОХУ-ын хувьд Монгол Улс транзит тээвэрлэлтээрээ Казахстан улсын дараа буюу хоёрдугаарт жагссан. Энэ нь манай улсын транзит тээврийн хөгжил хурдацтай нэмэгдэж буйг харуулж байна. TransRussia үзэсгэлэн, “Транзит Монгол -2018” форумаас Монгол Улсад ашигтай олон боломжуудыг хүлээж байна” хэмээн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа онцлов.
 Олон улсын тээвэр логистикийн үйлчилгээ, технологийн XXIII үзэсгэлэнгийн нээлтийн үеэр монгол гэрийн хэв шинжийг харуулан тусгайлан зассан стэндийн нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Зам тээвэрийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн газрын дарга Б.Артур тэргүүтэй албаны хүмүүс оролцож Төмөр замын дуу бүжгийн чуулгын морин хуурч Б.Сосорбарам, уртын дууч О.Отгонцэцэг нар ая дуугаа өргөлөө.
Л.Нандиа
 
 
 

Related news