Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалд Монголчууд бэлэн эсэх талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-05-07 16:10:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурлын үеэр ШУА-ийн доктор Б.Авид Монгол Улс боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй гэдгийг онцлов.

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн Монгол Улсын үндсэн хөгжлийн асуудлыг төр-шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэн, арга замыг судлан, тодорхойлох зорилготой тус хурлыг "Монголын инновацийн 7 хоног" цувралын хүрээнд ШУА-иас санаачлан зохион байгууллаа.
Монгол Улс зөвхөн уул уурхай, эрдэс баялгаа ашиглан хөгжинө гэж ярихаас илүүтэй мэдлэг оюунаараа хэрхэн хөгжих тухай ярих цаг нь ирээд байна. Дэлхий нийтээр өнөөдөр аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын тухай ярьж байна. Ойрын хугацаанд эрчимтэй үр нөлөөгөө үзүүлэх олон салбар бий. Тухайлбал, хиймэл оюун ухаан, сансар, дрон, роботын технологи гэсэн салбарыг онцолж болно. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь их хэмжээний мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, ашиг­лахад тулгуурлан өрнөж байна. Тиймээс энэхүү эрдэм шинжилгээний бага хурлаар эрдэмтэн судлаачид “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг уул уурхай яаж угтах вэ”, “XXI зууны боловсрол, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлууд”, “Мэдээлэл холбооны технологи аж үйлдвэрийн  4 дэх хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь”, “Ирээдүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэн үзүүлэх вэ, Хүн үү робот уу” гэсэн 10 гаруй илтгэл тавив.

ШУА-ийн доктор Б.Авид: Хүн төрөлхтөн Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын босгон дээр ирээд байна. Хамгийн энгийнээр хэлэхэд бүх зүйлийг интернэтээр, онлайнаар кибер физикийн систем удирдаж зохицуулна. Өөрөөр хэлбэл, ухаалаг байшин, дэд бүтэц, уул уурхай, аж үйлдвэр, эрүүл мэнд гэхчлэн бүгд ухаалагжих бөгөөд хүнийг компьютер орлоно гэсэн үг. Үүнд Монгол Улс бэлэн үү гэдэг харьцангуй ойлголт. Автоматжуулалттай болоод хүн хэрэггүй болох юмуу гэж зарим хүмүүс асууж байна. Дунд, доод шатны ажиллах хүчний тоо цөөрнө. Харин чадварлаг, өнөөгийн шаардлага хангасан өндөр мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ ихэснэ. Тухайлбал, чадварлаг оператор хэд хэдэн үйлдвэрийг удирдан, дэлхийн аль ч улс оронд зэрэг  ажиллах бололцоотой. Энэ их хурдацтай өрнөж буй үйл явцад дэлхийн хөгжингүй улс орнууд хөтөлбөрөө гаргаад, хөрөнгө мөнгө зарцуулж эхэллээ. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь 2020-2030 онд хэрэгжинэ, тиймээс бид боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй. Аливаа үйлдвэрийг байгуулах, ухаалаг төхөөрөмж байрлуулах бол амархан, харин мэргэжилтэн бэлтгэхэд хамгийн их цаг зарцуулдаг.
Залуусыг өндөр хөгжилтэй улс оронд сургахад төрийн бодлого чиглэх ёстой. Монгол Улс их хэмжээний хөрөнгө зарж, боловсон хүчнээ бэлдэж, технологио хөгжүүлэн, Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг бэлтгэлтэй угтах ёстой.

ХААИС-ийн доктор Г.Гантулга: Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал хөдөө аж ахуйд ямар өөрчлөлт авчрах талаар ярих цаг нь болсон. ХАА-н салбар бол монгол орны газар зүйн байршил, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалаас хамаарч эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бид эрсдлийг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөн дэлхийн хөгжлөөс хоцрохгүйгээр хиймэл оюун ухааныг ашиглаж үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн үр ашгийг дээшлүүлэх нь нэн чухал. Энэ өөрчлөлтөд монголын мэргэжилтнүүд, тариаланчид хөл нийлүүлэн алхахад бэлэн байна.

Доктор А.Цанжид: Энэ үйл явцад өртөхгүй улс орон гэж үгүй. Герман, АНУ, Польш, Казахстан, Чех, Унгар, Вьетнам, Лаос зэрэг орон бодлогоо тодорхойлоод явж байна. Улс орнууд төр, хувийн хэвшил, их сургууль шинжлэх ухааны хамтын ажиллагааг хангасан судалгаа хийх, төлөвлөх, зөвлөмж өгөх байгууллагыг байгуулж байна. Энэ байгууллагад эрдэмтдийн үүргийг өндөрт тавьж, зөвлөгөө өгөөд зогсох биш шийдвэр гаргахад оролцдог байх юм. Түүнчлэн инновацийн салбарт гарааны компаниудыг их хэмжээний хөрөнгө мөнгөөр дэмжих хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, шинжлэх ухаан, технологи, боловсролын салбартаа их өөрчлөлт хийж байна. Харин манай улсын хувьд УИХ-ын дэргэд Дэд хороо байгуулсан. Дэд хорооны оронд ШУА-д хариуцуулж эрдэмтдийн дуу хоолойг сонсох, гол шийдвэр гаргадаг байгууллага байх нь чухал юм. Тухайлбал, нэг гарааны компанийн ажилд хэрхэн зөвлөх, туслах ямар тодорхой ажил хийхийг нарийвчлан тооцох хэрэгтэй. Мөн БШУ-ны салбарыг бүхэлд нь өөрчилж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадад сурч буй залуусыг урьж ирүүлэн, тэргүүлэх чиглэлийн улс орнуудтай хамтран ажиллах шаардлагатай.

Дашрамд дурдахад, XVIII зууны сүүл үеэс XX зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн I хувьсгалыг уурын хөдөлгүүр бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэнтэй холбодог. Аж үйлдвэрийн I хувьсгал үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлөөд зогсохгүй түүний үр дүнд хүн амын төвлөрөл /хотжилт/ эрчимжиж,  олон шинэ мэргэжил бий болох зэргээр хүний нийгэмд огцом өөрчлөлт авчирсан. XX зууны эхэн үеэс эхэлсэн II хувьсгалыг цахилгаанжуулалт, үйлдвэрлэлд нэвтэрсэнтэй холбож үздэг. III хувьсгалыг электронжуулалт, үйлдвэрлэлийн конвейер /туузан дамжуурга/ автоматжуулалт, мэдээллийн технологитой холбодог бөгөөд энэ нь XX зуун буюу 1970-1980-аад оноос эхэлсэн хэмээн үздэг.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news