Бээжин хотын метроны 19 дүгээр шугам 2020 онд ашиглалтад орно
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ. Бээжин хотын метроны 19 дүгээр шугамыг барих барилгын ажил амжилттай явж байгаа бөгөөд 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай Хотын захиргаа мэдээлэв.
Бээжин хотын өмнө зүгээс хойд зүг рүү чиглэсэн тус шугам нь 22,4 км үргэлжлэх бөгөөд 10 зогсоолтой байх аж. Тодруулбал, хотын баруун хэсэг буюу өмнөд Дашин дүүргийн Шиньгун зогсоолоос хойд Хайдянь дүүргийн Муданюань зогсоол хүрэх аж.Метроны шинэ шугам ашиглалтад орсноор Бээжин хотын санхүүгийн район дахь хэт ачааллыг багасгана хэмээн тооцож байна. Одоогоор Бээжин хотод ашиглаж байгаа болон барьж буй метроны 22 шугам байгаа бөгөөд 2017 оны жилийн эцсийн байдлаар Бээжин хотын метроны нийт шугамын төмөр замын урт 608 км урт байсан юм. Тэгвэл 2018 онд энэ тоо 630 км болох ажээ. Дашрамд дурдахад, Бээжин хотын метрогоор өдөрт давтагдсан тоогоор 5-10 сая зорчдог.
А.Анхбаяр