Сирийн асуудлаархи Астанагийн уулзалт болох өдрийг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-10 11:53:34
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Сирийн асуудлаархи 9 дэх удаагийн олон улсын уулзалт Казахстан улсын нийслэл Астана хотноо 2018 оны 5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд болно гэж баталгаа олгогч улс орнууд мэдэгдсэн тухай Казахстаны Гадаад хэргийн яам мэдээллээ.
 
Баталгаа олгогч орнууд болох Иран, ОХУ, Туркээс гадна тус уулзалтад Сирийн засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид, түүнчлэн НҮБ-ын төлөөлөгчдийг урьсан байна. Мөн ажиглагчаар АНУ болон Иордан улсыг урьжээ.
 
“Баталгаа олгогч улс орнуудаас хүлээн авсан мэдээллийг үзвэл, Астанагийн хэлэлцээний үеэр талууд Сирийн өнөөгийн байдал, түүний дотор хязгаарлалтын бүсүүд дэх нөхцөл байдал, хүмүүнлэгийн асуудал, итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэхээс гадна тус улсад хямралыг зохицуулах үйл явцыг урагшлуулахад чиглэсэн цаашдын алхмуудыг уялдуулан зохицуулна” гэж Казахстан улсын ГХЯ-ны мэдээлэлд дурджээ.
 
5 дугаар сарын 14-нд хоёр талын болон олон талын зөвлөлдөөнүүд болох бол 15-ны өдөр нэгдсэн хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
 
Э.Аянзаяа  
 
 




Related news