Э.Хишигжаргал:Залуу манлайлагчдын тэтгэлэгт хөтөлбөрөөс Дэлхийд өрсөлдөхүйц боловсрол эзэмшинэ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-05-23 00:24:06
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын хамгийн алдартай хоёр сургуулийн нэг болох Цинхуа их сургууль 2016 оноос "Scwartzman scholars" хэмээх залуу манлайлагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү тэтгэлэгт манай улсаас оюутан Э.Хишигжаргал хамран сурч байгаа бөгөөд түүнтэй уулзаж ярилцав.
Тэрбээр Цинхуа их сургуулийн “Scwartzman scholars” магистрын нэг  жилийн тэтгэлэгт хөтөлбөрт бизнес, эдийн засаг мэргэжлээр суралцаж байна. 2015 онд МУИС-ийг “Олон улсын сэтгүүлч” мэргэжлээр төгссөн.  Ирэх 7 дугаар сард сургуулиа төгсөөд улмаар Хятадад ажиллахаар болжээ. Өмнө нь НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороонд ажиллаж байсан. Мөн англи хэлний багш, орчуулагч, хөтөч зэрэг ажлыг хийж байв.   

-Сургуулийнхаа болон тэтгэлэгт хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгөөч? Манайхан тэр бүр мэддэггүй болов уу?
Энэ хөтөлбөр нь  ХХ1 зууны “Манлайлагчдыг бүтээх” зорилготой юм. Уг тэтгэлэгт хөтөлбөрийг АНУ-ын тэрбумтан Steve Scwartzman санаачлан Цинхуа их сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Түүний хувьд сайн сайхны төлөө нэлээд олон төслийг хэрэгжүүлж буй хүн. Анх 2013 онд  Америк, Хятад улсыг холбох зорилгоор энэхүү хөтөлбөрийг санаачилсан байдаг. Тэр үед одоогийнх шиг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэтгэлэгт хөтөлбөр болно гэж төсөөлөөгүй. БНХАУ-ын дарга Си Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама нар манай хөтөлбөрийг дэмжсэн байдаг. Төсөл санаачлагч маань бидэнд хэлэхдээ “ХХ1 зуун Ази төвтэй болж буй учир Азийг тэр дундаа Хятад улсыг илүү сайн ойлгох ёстой” гэсэн. Нийт хүсэлт гаргасан оюутан залуусын 3 хувь нь энэхүү хөтөлбөрт хамарч байгаа нь эрэлт хэрэгцээ  шаардлага өндөр байгааг харуулж байна.

-Хөтөлбөрт одоогоор хичнээн  улсын  оюутан хамраад байгаа вэ, Манай улсаас өмнө нь оюутнууд тэтгэлэгт хамарч байв уу? 
Анхны жил буюу 2016 онд 20 гаруй орны 110 оюутан, 2017 онд 26 орны 126 оюутан тэтгэлэгт хамарч суралцсан. Надаас өмнө нэг Монгол оюутан суралцсан. Би хоёр дахь Монгол хүн нь. Нийт оюутнуудын 45 хувь нь Америк, 20 хувь нь Хятад, үлдсэн 35 хувь нь бусад улс орны оюутнууд байх квоттой юм билээ.  Гэхдээ энэ маань Монгол улсаас жилд зөвхөн нэг хүн авна гэсэн үг биш. Тухайн хүн шалгуурыг нь хангаж  тэнцсэн тохиолдолд хэдэн ч хүн сурах боломжтой. 


-Ямар шалгуураар оюутнуудаа  сонгодог юм бэ, Ямар мэргэжлээр сургадаг вэ?
Оюутнуудын хувьд өөрийн зүгээс хүсэлт илгээж, холбогдох шалгаруулалтад оролцож тэнцсэн тохиолдолд хөтөлбөрт хамрах боломжтой. Би мөн л энэ замаар уг тэтгэлэгт хамарсан. Манайд дэлхийн шилдэг сургуулиудыг төгссөн оюутнууд их бий. Жишээ нь энэ жилийн хувьд Харвардын 10 оюутан, Оксфорд, Кэмбрижийн 10 оюутан сурч байна. Хөтөлбөр үндсэндээ олон улсын харилцаа, бизнес, эдийн засаг, төрийн бодлого гэсэн мэргэжлийн дагуу сургалт явуулдаг. Мөн Хятад хэл давхар сураад явдаг.

-Энэ хөтөлбөрт хамрагдсаны давуу тал нь юу вэ?
Манай сургуулийн  хувьд академик хөтөлбөр нь их сонирхолтой. Харвард зэрэг дэлхийн шилдэг их сургуулиудаас тогтмол багш нар ирж хичээл заадаг.  Давуу талын хувьд нэг дороос дэлхийн хэмжээний боловсролыг эзэмших боломжтой. Ихэнх оюутнууд маань АНУ-ын оюутнууд байдаг учраас АНУ-ын талаар их мэдлэгтэй болж байна. Хятадын талаарх мэдлэг маань ч зузаарч байна. Хамт сурч байгаа оюутнууд маань үнэхээр мундаг, үлгэр жишээ авахуйц. Дэлхийн шилдэг сургууль төгссөн, өөрийн улсынхаа Засгийн газарт ажиллаж байсан, олон зуун саяын хөрөнгөтэй компаний захирал бизнесмэн, дэлхийн том том брэнд, компаниудад ажиллаж байсан зэрэг туршлагатай  залуус байна. Өнгөрсөн жил Хятадын нэгэн хотын захирагч залуу сурч байсан. Бид бие биенээсээ асар их зүйлийг суралцдаг. Харилцан мэдээлэл  солилцож, ямар нэгэн  сэдвийн хүрээнд ярилцах зэргээр үргэлж шинийг сурч мэдэх өргөн боломжтой. Байр, хоолны зардлыг цаанаас нь даахын зэрэгцээ оюутан цалинтай. Энэ төсөл нь маш олон томоохон компаниудтай харилцаж, хамтарч ажилладаг. Тэдгээр компаниас их хэмжээний мөнгө босгож санхүүждэг.  Компаниуд дээрээ дадлага хийх, цаашлаад ажиллах давуу талтай. Хайнан Эйрлайнес бол манай хөрөнгө оруулагч компани. Бид уг компанийн нислэгээр жилдээ  хоёр  удаа Хятадын аль нэг хотууд руу үнэгүй зорчих эрхтэй байдаг.  Оюутнууд маань Диснэй, Волксваген зэрэг дэлхийн томоохон компаниудад дадлага хийдэг. Бид төгсөхдөө Цинхуа их сургуулийн магистрын зэрэгтэй төгсөнө. Мөн тус сургуулийн англи хэл дээрх хичээлүүдэд хамрах боломжтой.

-Яаж энэ тэтгэлэгт хамрах талаар зөвлөгөө өгөөч?
Жил бүрийн 4-9 сард тэтгэлэгт хамрах өргөдөл хүлээн авдаг. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдийг бодвол их удаан хугацаанд өргөдөл хүлээж авдаг. Хөтөлбөрийн зар онлайн тэтгэлэгт хөтөлбөр зарладаг вэбсайтуудад тавигддаг. Хамрагдахын тулд эссе бичиж явуулах шаардлагатай. Ирэх жилийн хувьд хоёр эссе бичих шаардлага тавьж байна лээ. Эссегээ маш чанартай бичих  шаардлагатай. Тэнцсэн тохиолдолд ярилцлаганд ордог. Хөтөлбөр маань манлайлагчдад зориулсан учраас тодорхой хэмжээгээр манлайллын ур чадварыг харуулсан, цаашид ирээдүйтэй, потенциалтай хэмээн дүгнэсний үндсэн дээр хүмүүсээ шалгаруулж авдаг. Мэдээж хэрэг сурлагын дүн, нийгмийн идэвх зэргийг чухалчилдаг. Насны хувьд бакалавр төгссөн оюутнаас эхлээд 30 нас хүртэлх хэн ч хамрагдах боломжтой. Хөтөлбөр маань Америкийнх учраас  манлайлал гэхээр хувь хүн тодорхой хэмжээнд  санаачилга гаргаж янз бүрийн ажил, арга хэмжээ хийсэн байх шаардлагатай.  Хичээл англи хэлээр явдаг  учир хэлний мэдлэг сайтай байх ёстой. Манай оюутнуудын хувьд цагаа их тулгаж, чанаргүй зүйл хийх гээд байдаг тал бий. Эссэгээ хангалттай түвшинд бичиж чаддаггүй. Эхлээд хөтөлбөрийнхөө талаар сайн судалж байж бэлтгэх хэрэгтэй. Монгол улсын  талаар болон өөрийн сурахаар сонирхож буй мэргэжлийнхээ талаар маш сайн судалсан мэдлэгтэй байх ёстой. Үүнийгээ ч эссэ болон ярилцлага дээрээ тусгах хэрэгтэй. Миний хувьд нэг сар бэлдэж байж шалгалтад орсон. Хамгийн чухал нь таны тус хөтөлбөрт оруулж чадах хувь нэмэр юу байна вэ гэдгээ сайн ойлгуулах хэрэгтэй. Манайхан энэ дээр хангалттай илэрхийлж чадаагүйгээс их алддаг. Энэ жил манай ангийн 25 оюутан Улаанбаатарт очно. Бид 6 дугаар  сарын 17-ны өдөр уулзалт зохион байгуулна. Энэхүү уулзалт дээр ирж  хөтөлбөрийн талаар болон сонирхсон асуудлуудаар мэдээлэл авах боломжтой. Мөн khishigee0919@gmail.com хаягаар холбогдож болно.
А.Анхбаяр
 
 
 
 
 
 
 

Related news