Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-05-26 19:53:54
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Батлан Хамгаалахын  сайд Вэй Фөнхө-ийн урилгаар Монгол Улсын Батлан Хамгаалахын  сайд Нямаагийн Энхболд энэ сарын 24-29-ний өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Өчигдөр хоёр орны Батлан Хамгаалахын сайд нар албан ёсны яриа хэлэлцээр хийж, БНХАУ-ын БХЯ-наас манай улсын БХЯ-нд буцалтгүй тусламж үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэ уулзалтын дараа БХ-ын сайд Н.Энхболдыг БНХАУ-ын Цэргийн Төв зөвлөлийн орлогч дарга Шюй Чилян хүлээн авч уулзсан бөгөөд хоёр улсын батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг талууд онцлов.
Манай хоёр улсын Батлан хамгаалахын салбар олон жилийн өмнөөс хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн байдаг. Үүнийг бататгаж 2013 онд хоёр улсын Засгийн газар цэрэг техникийн салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд манай улсын цэргийн албан хаагчид БНХАУ-ын цэргийн их сургуульд суралцах мөн БНХАУ-ын БХЯ-ны зүгээс Монгол Улсын БХЯ-д санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлж иржээ. Мөн 2009 оноос талууд олон талын цэргийн сургуулилтыг хоёр орны нутагт ээлжлэн зохион байгуулсаар ирсэн. Энэ нь зөвхөн хоёр орны найрамдалт харилцаанд сайнаар нөлөөлж байгаа төдийгүй, бүс нутагт энхийг сахиулж, дэлхийн энх тайвны үйлсэд оруулж буй чухал хувь нэмэр хэмээн албаны хүмүүс хэлж байлаа.
Дашрамд дурдахад, 1996-2014 онд манай улсын 260 гаруй цэргийн албан хаагч БНХАУ-ын Бээжин, Шанхай, Наньжин зэрэг хотын цэргийн их сургуульд суралцаж боловсрол эзэмшсэн байна.
А.Анхбаяр  
 

Related news