Баянзүрх дүүрэгт шинэ автозам ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-05-31 18:54:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн автозамын сангийн санхүүжилтээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цайз захын хойд гудамжнаас “Газарчин” дээд сургууль хүртэл шинээр тавьсан 0.75 км хатуу хучилттай автозам өнөөдөр ашиглалтад орлоо.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд энэхүү замыг “Велдедлайне Монголиа” компани Нийслэлийн автозамын хөгжлийн газрын захиалгаар, 497 сая төгрөгийн өртөгөөр барьсан гэдгийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцлов.

Оршин суугчдын хувьд шороо тоос ихтэй байсан уг замыг шинэчилж байгаа нь хүүхдүүдийн амьдрах, суралцах орчинг сайжруулахад чухал ач холбогдолтой хэмээн ярьж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Замын ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа зургаан сарын 25-нд дуусах байсан ч гүйцэтгэгч компани түргэн шуурхай ажилласан нь сайшаалтай” гээд энэ онд Баянзүрх дүүрэгт барих хэд хэдэн шинэ автозамын ажлын талаар танилцууллаа. Тухайлбал, тус дүүрэгт 28.2 урт метр гүүр барих ажлыг эхлүүлсэн байна. Мөн Налайх дүүрэгтэй холбогдох 20.9 км урттай замын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Г.Ариунболор
Related news