Улс орныхоо тогтвортой байдлыг хангана гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-04 12:05:40
ТБИЛИСИ. /РИА Новости/. Гүржийн нийслэл Тбилиси хотод өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн жагсаал цуглаантай холбоотойгоор улс орныхоо тогтвортой байдлыг Гүржийн эрх баригчид хангана гэж Гүржийн Ерөнхий сайд Георгий Квирикашвили мэдэгдсэн байна.

Заза Сарализегийн зохион байгуулсан уг жагсаал цуглаан Тбилиси хотын төвд байрлах парламентын байрны дэргэд эхэлсэн аж. Түүний 16 настай хүү өнгөрсөн оны 12 дугаар сард бусдын гарт амиа алдсан бөгөөд тэрбээр энэ хэргийг бодитой мөрдөн шалгаж, алуурчныг олж илрүүлэн, зохих ял шийтгэлийг нь оноохыг шаардахын сацуу засгийн газрыг огцруулахыг уриалжээ.

“Тодорхой эрс үзэлт бүлгүүд улс оронд тогтворгүй байдал бий болгохыг хүсч байгаа бөгөөд тэд хэтэрхий хууль бус шаардлагуудыг тавьж байна. Бид тэдэнд ийм байдал үүсгэх боломжийг олгохгүй. Нийгмийн бүхий л асуудалд бид боломжийн хэрээр хариулт өгөхөд  анхаардаг” хэмээн Г.Квирикашвили ярьжээ.

Түүнчлэн тэрбээр ойрын өдрүүдэд парламентын ээлжит бус хуралдаан болох бөгөөд тус хуралдаанаар энэ хэргийг мөрдөн шалгах комиссын бүрэлдэхүүнийг батална гэж мэдэгдсэн байна.
Э.Аянзаяа 
Related news