Өвөрхангайн хойд талын сумдын наадмыг хойшлуулах захирамж гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-02 20:08:33
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 7 сум, Өвөрхангай аймгийн Хархорин суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан “Зарим арга хэмжээг хориглох тухай” аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Тодруулбал, шүлхий өвчний дэгдэлт хурдацтай тархаж, хангайн сумдын нутаг дэвсгэрт нэвтрэн орох аюултай нөхцөл байдал үүсээд байгаа тул Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд сумын нутаг дэвсгэрт ойн баяр наадам, овоо тахилга, ургийн болон хадагны баяр зохион байгуулахыг 7 дугаар сарын 14 хүртэлх хугацаанд хориглоод байна.
Мөн хорио цээрийн дэглэм бүхий нутгаас малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, малын гарал үүслийн зөвшөөрлийн бичгийн хяналтыг чангатгаж ажиллахыг холбогдох сум, багийн Засаг дарга, малын эмч нарт даалгаад байгаа юм.
Б.Батчимэг

Related news