Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа цахимаар илгээх боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, даатгуулагч, ажил олгогчдод нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх, мэдээллээр хангах зориулалт бүхий шинэ системийг үе шаттайгаар нэвтрүүлж байна.
Энэ хүрээнд 2018 оны зургаадугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар илгээх боломжийг бүрдүүллээ. Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд хийгдэж буй тус ажлыг гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл бүхий “Мон пасс са” компанитай хамтран хэрэгжүүлж байна.
Ажил олгогч нар тус байгууллагын www.monpass.mn вэб сайтаар нэвтрэн бүртгүүлж байгууллагын тоон гэрчилгээгээ шинээр авах боломжтой. Харин тоон гарын үсэг хэрэглэж хэвшсэн ажил олгогчдын тухайд нийгмийн даатгалын тайлан илгээхдээ түүнийгээ шууд ашиглах боломжтой юм. Харилцагч ажил олгогчид тоон гарын үсгээр тайлангаа баталгаажуулснаар нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг сар бүр ирүүлж буй 43.0 мянга гаруй олгогчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах түвшин дээшлэх, цаасан тайлан ирүүлэхгүй болсноор тайлан илгээгчийн ажлыг хөнгөвчлөх, цаг хугацаа, орон зайнаас хамааралгүйгээр тооцоо нийлэх давуу талтай юм.
Ч.Ариунболд