Үерийн улмаас олон зуун сургууль сүйджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khulan@montsame.gov.mn
2018-07-17 16:46:04
ОСАКА. /Киодо/. Япон улсад энэ сарын эхнээс эхлэн олон хоног үргэлжлэн орсон аадар борооноос үүдсэн үер болон хөрсний гулгалтын улмаас 270 орчим бага, дунд, ахлах сургууль сүйдээд байгаа тухай мягмар гарагт “Киодо” агентлаг мэдээлэв.

Тус улсын баруун хэсэгт оршдог Окаяама, Хирошима болон Эхимэ мужууд хамгийн их хохирол амсаж, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 200 гаруй хүн харамсалтайгаар амь насаа алдаад байгаа бөгөөд энэ бүс нутгийн 150 орчим сургууль хичээллэх боломжгүй болсны улмаас түр хаагдаад байгаа тухай Японы боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас мэдээлсэн байна.

Үерийн улмаас сүйдээд байгаа бусад сургуулиуд нь тус улсын хамгийн хойд хэсэгт оршдог Хоккайдо болон хамгийн өмнөд хэсэгт оршдог Окинава мужуудад байрлаж байгаа ажээ. Харин зарим сургуулиуд энэхүү хүнд нөхцөл байдалтай зэрэгцүүлэн зуны амралтыг эхлүүлээд байгаа юм байна. Гамшгийн улмаас сургуулийн хөтөлбөр хойшлогдоход хүрээд буй энэ үед эцэг эхчүүд болон багш нарыг хүүхдүүдийн сэтгэл зүйд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн тус улсын боловсролын яамнаас мэдэгдээд байгаа ажээ.


Э.Хулан

 

Related news