Миссури муж улсад жуулчдын завь осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-20 16:46:13
МИССУРИ. /АП/. АНУ-ын Миссури муж улсад оршдог нуурт өнгөрсөн пүрэв гарагт гэнэт хүчтэй шуурга дэгдсэний улмаас аялаж явсан жуулчдын завь осолдож, 11 хүн харамсалтайгаар амиа алдаад байгаа тухай тус муж улсын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлснийг “Ассошиэтед Пресс” агентлаг уламжлав.

Завин дээр сууж явсан 5 хүн сураггүй алга болж, 7 хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Эмчлүүлэгсдийн дунд бага насны 4 хүүхэд багтаж байгаа ажээ. Түүнчлэн 2 хүний биеийн байдал тун хүнд байгаа бол бусад нь хөнгөн бэртээд байгаа юм байна.

Шуурга дэгдэх үед жуулчдын өөр нэгэн завь мөн аялалд гараад байсан хэдий ч зорчигчдыг аюулгүйгээр эрэгт буцаан ирүүлж чадсан байна. “Пүрэв гарагийн орой хүчтэй шуурга болох тухай анхааруулаад байсан” гэж тус муж улсын Спрингфилд хотын цаг уурын агентлагийн мэргэжилтэн Стив Линденберг мэдэгджээ.
Э.Хулан
 

Related news