Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

БРАУНСВИЛЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /DW/. Америкийн тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг “СпэйсИкс” (SpaceX) компани сансарт өгөгдөл боловсруулах төвүүд байгуулах зөвшөөрөл авчээ. Дата төв байгуулах зорилгоор 1 сая хүртэлх хиймэл дагуулыг хөөргөх зөвшөөрлийг АНУ-ын Холбооны харилцаа холбооны комисс (FCC) тус компанид лхагва гарагт олгосон байна.
“Стармайнд” (Starmind) төслийн хүрээнд эхний хиймэл дагуулуудыг 2027 оны сүүлчээр тойрог замд гаргахаар төлөвлөж байна. Эдгээр хиймэл дагуулыг дэлхийн нам тойрог замд хоорондоо ойрхон зайтай байрлуулах бөгөөд ингэснээр хиймэл дагуулуудын хооронд өгөгдлийг найдвартай дамжуулах ажээ. Харин өгөгдлийг дэлхий рүү дамжуулахдаа тойрог замд хэдийн байрлуулаад байгаа “Старлинк” (Starlink) сүлжээний хиймэл дагуулуудыг ашиглана. Мөн Америкийн чип үйлдвэрлэгч “Нвидиа” (Nvidia) компани сансрын орчинд ажиллах зориулалтаар тусгайлан зохион бүтээсэн хамгийн сүүлийн үеийн процессоруудыг нийлүүлэх ажээ.
Хиймэл оюуныг ашиглахад шаардагдах эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дэлхий дээр хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хангах боломжгүй гэж И.Маск үзэж байгаагаа илэрхийлжээ.
FCC-ийн цахим хуудсанд нийтэлсэн баримт бичигт дурдсанаар, “СпэйсИкс” компанид олгосон зөвшөөрөл 2040 он хүртэл хүчинтэй байна.
“Америк улс дэлхий нийтийг супер оюун ухааны эрин үе рүү хөтөлж байна” гэж тус комиссын дарга Брендан Карр мэдэгджээ. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Д.Трампын хиймэл оюуныг нэрлэсэн “супер оюун ухаан” гэх нэр томьёог ашигласан байна. Каррын хэлснээр, энэхүү технологийг хөгжүүлэхэд сансарт байрлах өгөгдөл боловсруулах төвүүд “орлуулшгүй чухал” үүрэгтэй ажээ.
Сансарт өгөгдөл боловсруулах төв байгуулах чиглэлээр бусад компани ч ажиллаж байна. Тухайлбал, интернэт технологийн “Гүүгл” (Google) компани “Санкэтчер” (Suncatcher) төслийг хэрэгжүүлж байгаа бол Жефф Безосын “Блю Орижн” (Blue Origin) компани “Прожект Санрайз” (Project Sunrise) төслөө хэрэгжүүлэх зөвшөөрөл авахаар Харилцаа холбооны комисст хүсэлт гаргаад байна.
Өгөгдөл боловсруулах төвүүдийг сансарт байгуулахын давуу тал нь Нарны эрчим хүчийг тасралтгүй ашиглах боломж юм. “Гүүгл” компанийн тооцоолсноор, Нарны синхрон тойрог замд байрлуулсан нарны хавтан Дэлхий дээрхээс найм дахин их эрчим хүч үйлдвэрлэх боломжтой ажээ.
Гэсэн хэдий ч шийдвэрлэх шаардлагатай техникийн асуудал цөөнгүй байна. Тухайлбал, сансрын цацраг ихтэй орчинд процессоруудыг хэвийн ажиллуулах, хэт халуун болон хүйтэн температурыг тэсвэрлэх, мөн сансрын хог хаягдал, бичил солирт тоног төхөөрөмжийг өртөж гэмтэхээс хамгаалах зэрэг сорилт тулгарч байгаа юм.