Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

БУЭНОС-АЙРЕС, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /Reuters/. Аргентины Сенат пүрэв гарагт явуулсан санал хураалтаараа анхан шатны сонгуулийг түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг дэмжжээ. Энэхүү шийдвэр нь ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд Хавьер Милей дахин сонгогдох магадлалыг нэмэгдүүлэхээс гадна эдийн засгийн өсөлт саарч буй энэ үед түүнд шинэчлэлийн бодлогоо урагшлуулахад нь томоохон түлхэц болох төлөвтэй байна.
Сенатын гишүүдийн 43 нь дэмжиж, 29 нь эсэргүүцсэн уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим хэлэлцэн баталснаар хүчин төгөлдөр болох юм.
“Бидэнд илүү үр ашигтай тогтолцоо хэрэгтэй байна. Бид мөн илүү хялбар, ил тод тогтолцоог бий болгохыг зорьж байна” гэж эрх баригч “Ла Либертад Аванса” (La Libertad Avanza) намаас сонгогдсон сенатч Бруно Оливера мэдэгджээ.
Сонгуулийн тогтолцоог шинэчлэх тухай уг хуулийн төсөлд ирэх онд явуулах анхан шатны сонгуулийг түдгэлзүүлэх, улс төрийн намуудад олгох төрийн санхүүжилтийг бууруулах, мөн 2027 оны аравдугаар сард болох бүх нийтийн сонгуулийн өмнөх ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн заавал оролцох мэтгэлцээнийг цуцлах зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Төсвийн зардлыг гурван жилийн турш танаж ирсэн Х.Милейн засаг захиргаа сонгуулийн өмнө амаргүй нөхцөл байдалтай тулгараад байна. Эдийн засагчдын ихэнхийх нь тооцоолсноор, Аргентины эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд техникийн уналтад оржээ. Ажилгүйдэл нэмэгдэж, инфляц бүс нутгийн бусад оронтой харьцуулахад их хэвээр байна.
Анхан шатны сонгуулийг цуцалснаар сонгогчдын байр суурийг улсын хэмжээнд урьдчилан тандах боломжгүй болгож байгаа тул энэ нь Милей дахин сонгогдох магадлалыг нэмэгдүүлж байна гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Түүхэн талаасаа авч үзвэл, ийм тандалт нь зах зээлийн хүлээлтийг тодорхойлж, зарим үед санхүүгийн зах зээлд огцом савлагаа үүсгэх шалтгаан болдог.
Х.Милейн явуулж буй бодлогыг дэмжих иргэдийн хувь нэгдүгээр сард 40 хувиас давж байсан бол одоо 30 гаруй хувь болж буурчээ. Зарим санал асуулгын дүнгээр зүүний төвч үзэл баримтлалтай Перонист хөдөлгөөн засгийн эрхэнд дахин гарах магадлалтай байна.
Хэрэв анхан шатны сонгууль явагдахгүй бол дотроо хагаралтай байгаа Перонист сөрөг хүчнийхэн дотоод өрсөлдөөнөө мэтгэлцээн явуулахгүйгээр шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрч, улмаар нэгдсэн нэг нэр дэвшигч дээр санал нэгдэх үйл явц нь улам төвөгтэй болж магадгүй гэж шинжээчид дүгнэж байна.
Сенатын санал хураалтаар уг хуулийн төслийг дэмжсэн нь Х.Милей өөрийн санаачилгуудыг дахин урагшлуулах боломжийг бүрдүүлж магадгүй байна. Парламентад олонхын суудалгүй түүний засаг захиргаа дөрөвдүгээр сард сонгуулийн хуулийн төслийг Конгресст өргөн барьснаас хойш хууль тогтоогчдын дэмжлэгийг авч чадахгүй гацаад байсан юм.
Нөгөөтэйгүүр, уг шинэчлэл нь Х.Милей сонгуулийн шалгуур, шүүлтүүрээс эсвэл мэтгэлцээнд оролцохоос зайлсхийж байна гэсэн сэтгэгдлийг сонгогчдын дунд төрүүлж болзошгүй гэж улстөр судлаач Серхио Беренсштейн онцолжээ.
Сенатч Хорхе Капитанич Конгрессын хэлэлцүүлгийн үеэр уг хуулийн төслийг "нэг намын тогтолцоог өөгшүүлж байна" хэмээн шүүмжилж, "жинхэнэ утгаараа ухралт хийсэн шинэчлэл" гэж тодорхойлсон байна.
Испани хэлний товчлолоор PASO гэх анхан шатны сонгуулийн тогтолцоог 2009 онд нэвтрүүлжээ. Бүх нийтийн сонгуулиас хоёр сар орчмын өмнө зохион байгуулдаг уг сонгууль нь улс төрийн намуудад дотоод өрсөлдөөнөө шийдвэрлэх боломжийг бүрдүүлдэг тогтолцоо юм.
Анхан шатны сонгуулийг цуалснаар зардлыг бууруулж, сонгуулийн хуваарийг хялбаршуулна гэж засгийн газар мэдэгдэж байгаа бол шүүмжлэгчид уг сонгуулийг цуцлах нь намуудын дотоод өрсөлдөөнөө нээлттэй, ил тод шийдвэрлэх боломжийг үгүй хийснээр ардчиллын чухал механизмыг сулруулна гэж үзэж байна.