Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ПАРИС, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /КАЗИНФОРМ/. Алдарт хөлбөмбөгчин Зинедин Зиданы Марсель хотын Ла-Кастеллан дүүрэгт өнгөрүүлсэн хүүхэд наснаас эхлээд дэлхийн аварга болох хүртэлх замналыг нь өгүүлэх намтарчилсан уран сайхны киног Францад хийхээр төлөвлөж байна. Энэ тухай La Provence сонинд мэдээлснийг КАЗИНФОРМ агентлаг дамжууллаа.
“Un destin” буюу “Хувь заяа” гэдэг нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийг figurants.com цахим хуудсаар бүртгэж эхэлжээ.
Киног бүтээгчид кабил гаралтай гэр бүлийнхэн, өсвөрийн хөлбөмбөгчид, жүдочид, Бернар Тапи, Эме Жаке, Биксант Лизаразю, Кристоф Дюгарри, Ги Лакомба, Алена Аффлела нарын дүрд тоглох жүжигчдийг хайж байна.
La Provence сонинд бичсэнээр, киноны зураг авалт Марсель хот болон түүний хаяа хотуудад ирэх оны нэгдүгээр сард эхэлж, гуравдугаар сард дуусах ажээ.
“Засан хүмүүжүүлэх анги” /Les Segpa/, “Муу сурлагатнууд цанаар гулгасан нь” /Les Segpa au ski/ гэдэг инээдмийн кинонуудаараа нэрд гарсан Али Бугераба хөлбөмбөгчний тухай киног найруулна. Тэрбээр залуудаа Марселийн “Олимпик” клубийн бэлтгэлийн баазад хөлбөмбөгөөр хичээллэж байсан бөгөөд Ив Монтаны хувь заяаг өгүүлсэн жүжгийг найруулан тавьснаар Францын “Мольер” гэдэг театрын шагналыг хүртсэн байна.
Үүний зэрэгцээ киноны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 12-14 насны хүүхдүүдээс figurants.com цахим хуудсаар авч эхэлжээ.