Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

БЭЭЖИН, 2026 оны арваннэгдүгээр сарын 22 /ANADOLU/. Хятадын Guowang сүлжээг бүрдүүлэх интернэтийн хиймэл дагуулуудын 30 дахь хэсгийг тойрог замд оруулжээ.
Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацийн /CASC/ мэдэгдсэнээр, бүлэг хиймэл дагуулыг Long March-8A зөөгч пуужингаар Хайнан арал дахь сансрын хөлгийн буудлаас хөөргөсөн бөгөөд хиймэл дагуулуудыг төлөвлөсний дагуу тойрог замд гаргажээ. Энэ бол Long March ангиллын пуужингуудаар хиймэл дагуул хөөргөсөн 679 дахь удаагийн ажиллагаа юм.
Guowang буюу “Үндэсний сүлжээ”-г байгуулахад зориулагдсан Hualienwang гэдэг бүлэг хиймэл дагуулыг 2024 оны 12 дугаар сарын 16-нд хөөргөсөн бол 2025 онд 16 бүлэг, энэ онд 13 бүлэг хиймэл дагуулыг тус тус хөөргөөд байна.
Guowang буюу хятад хэлээр “Үндэсний сүлжээ” гэдэг нэртэй энэхүү төслийг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тухайн үед Хятадын тал Олон улсын цахилгаан холбооны холбоонд хандан хиймэл дагуулын томоохон систем байгуулах хүсэлтээ өгчээ.
Төслийн зорилго нь Америкийн SpaceX компанийн Starlink сүлжээтэй өрсөлдөхүйц хиймэл дагуулын сүлжээг бий болгох явдал юм. Төслийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэд 2021 онд байгуулагдсан China SatNet (China Satellite Network Group) компани хэрэгжүүлж байгаа ажээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгч Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорац /CASIC/ тойрог замд 13 мянган хиймэл дагуул гаргахаар төлөвлөж байна.
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ITU) журмын дагуу, хиймэл дагуулын сүлжээ ажиллуулдаг оператор компаниуд нь радио давтамж ашиглах эрхээ баталгаажуулахын тулд тогтоосон хугацаанд багтаан хиймэл дагуулуудыг тойрог замд байршуулах ёстой.
Guowang төслийн хүрээнд Хятад улс 2029 оны сүүлч гэхэд 1300 хиймэл дагуул /нийт хиймэл дагуулын 10 хувь/, 2035 он гэхэд 6500 хиймэл дагуулыг /50 хувь/ тойрог замд гаргасан байх ёстой.