Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

СӨҮЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /Yonhap/. Өмнөд Солонгосын жүжигчин Ко Гён Пё согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасандаа уучлалт хүсээд, цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллаж, уран бүтээлийн ажлаа түр зогсоохоо мэдэгджээ.
“Reply 1988” олон ангит киногоороо олонд танигдсан тэрбээр ням гарагт Инстаграм хуудсандаа уучлалт хүссэн мэдэгдлээ нийтэлжээ. Тэрбээр бямба гаргийн өглөөний 03:30 цагийн орчимд Сөүл хотод согтуугаар автомашин жолоодож яваад зам цэвэрлэгээний машинтай мөргөлдсөн байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ жолоодох эрхийг нь хасах хэмжээнд хүрсэн байжээ.
“Согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа жолооны ард суусан нь миний буруу. Өглөө эрт ажил үүргээ гүйцэтгэж байсан хүмүүсийг аюулд оруулсандаа дахин уучлал хүсэж байна. Миний энэ үйлдэл хүнд гэмтэл учруулж болзошгүй байсан бөгөөд туйлын хариуцлагагүй үйлдэл байлаа” гэж Ко Кён Пё бичжээ. Тэрбээр зам цэвэрлэгээний машинтай мөргөлдсөнийхөө дараа ослын газраас машинаа холдуулан байрлуулах газар хайж, улмаар үйлчилгээний хоёр ажилтнаас уучлал хүссэн гэдгээ тайлбарласан байна.
“Тэд цагдаа дуудсан гэдгээ надад эелдгээр хэлсэн. Миний үйлдэлд уурлаж бухимдах нь тэдний хувьд бүрэн үндэслэлтэй байсан. Би маш их ичиж, хаа нэгтээ нуугдмаар санагдсан. Бүх хариуцлагыг хүлээнэ гэдгээ тэдэнд хэлээд, бид хамтдаа цагдаа ирэхийг хүлээсэн” гэж жүжигчин бичжээ.
Тэрбээр мөн “цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллаж, ослын улмаас учирсан хохирлыг барагдуулахын тулд шаардлагатай бүхнийг хийж, хариуцлагаа бүрэн хүлээнэ” гэдгээ дурдсан байна.
Өдгөө 36 настай жүжигчин Ко Гён-пё төлөвлөсөн бүх үйл ажиллагаагаа түр зогсоохоо мэдэгдэж, одоо үргэлжилж буй болон удахгүй дэлгэцнээ гарах бүтээлүүдийнхээ зураг авалтад хамтран ажилласан уран бүтээлчид, ажилтнуудаас уучлалт хүсжээ.