Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Техник технологийн их сургууль болон харьяа Техник технологийн политехник коллежийн 12 багш БНХАУ-ын Хөх хотын Механик, Цахилгааны мэргэжлийн коллежид мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа.
Энэ үеэр багш нар тус сургуулиас зохион байгуулсан соёлын өдөрлөгт оролцож, хоёр орны уламжлалт соёл, урлагтай танилцан, туршлага солилцсон байна. Соёлын өдөрлөгийн хүрээнд хоёр сургуулийн багш нар уран бичлэг, шавар урлалын үйл ажиллагаанд оролцож, бүтээлч ур чадвараа сорихын зэрэгцээ Хятадын уламжлалт урлагийн онцлог, арга барилтай танилцав.
Энэхүү үйл ажиллагаа нь боловсролын байгууллагын хамтын ажиллагааг зөвхөн мэргэжлийн хүрээнд бус, соёлын солилцоогоор баяжуулж, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Мөн БНХАУ-ын нэрт уран бичээч Хорчинхүү өөрийн уран бүтээлээ толилуулж, багш нарт уран бичлэгийн арга, техникээсээ заан, дадлага ажил удирдан явууллаа. Ийнхүү мэргэжлийн боловсрол, ур чадварын солилцоог соёл, урлагийн үйл ажиллагаатай хослуулсан нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш нарын харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.