Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Архангай аймаг нь ойн сангийн нөөц ихтэй аймгуудын нэг. Ой мод нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны нөөцийг хамгаалах, хөрсний элэгдэл, эвдрэлээс сэргийлэх, биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эрчимтэй хэрэгжиж, өнөөгийн байдлаар Архангай аймагт 2.6 орчим сая мод тарьж, ургуулаад байна.
Үүний үр дүнд аймгийн ногоон байгууламж 21.2 хувиар өссөн байна. Мөн ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил сум, баг бүрт өрнөж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний долоодугаар зорилтын хүрээнд гол мөрний урсац бүрэлдэх эх, татам газрыг ойжуулж, цэвдэг болон усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, усны бохирдол, хомсдолыг бууруулах, голын экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Архангай аймгийн Урд Тамирын голын татамд хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Цэцэрлэг хотын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоотойгоор 2024–2026 онд нийт 11 га талбайд 11000 ширхэг улиас, бургасны суулгацыг тарьж, хамгаалалтын ойн зурвасыг байгууллаа.
Энэхүү хөдөлгөөн нь байгаль орчныг хамгаалахаас гадна бүс нутгийн хөгжлийг дэмжиж, хойч үедээ эрүүл, аюулгүй, таатай орчныг үлдээх зорилготой юм.