Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

НЬЮ-ЙОРК, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /CNN/. Нидерландын нэрт зураач Винсент ван Гог амьдралынхаа сүүлийн саруудад туурвисан “Цэцэглэж буй туулайн бөөр мод” зураг “Sotheby's” ордноос Нью-Йорк хотод зохион байгуулсан дуудлага худалдаагаар 190 сая гаруй ам.доллароор зарагдаж, түүний бүтээлүүд дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн дээд амжилтыг шинэчилжээ.
Уг бүтээлийг худалдахаас хэдхэн хоногийн өмнө өмнөх эзэмшигчийн өв залгамжлагчид зургийг нацистуудын хавчлага, шахалтын үед худалдахаас өөр аргагүйд хүрсэн гэж мэдэгдсэнээр маргаан үүсээд байсан юм. Тодруулбал, 1930-аад онд Берлинд амьдарч байсан еврей хэвлэн нийтлэгч Самуэль Фишерийн нэрээ нууцалсан өв залгамжлагчид нацистуудын хавчлагын үед гэр бүл нь санхүүгийн хүнд байдалд орсны улмаас уг зургийг худалдахаас өөр аргагүй болсон гэж мэдэгдсэн байна.
Харин “Sotheby's” дуудлага худалдааны ордон болон уг зургийг худалдахаар санал болгосон Аргентины бизнес эрхлэгч Карлос Педро Блакьер, түүний гэргий, урлагийн бүтээл цуглуулагч Нелли Арриета де Блакьер нарын гэр бүл уг асуудлыг нухацтай авч үзэж, хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ “Sotheby's” ордон бүтээлийн өмчлөлд хийсэн судалгаа нь өв залгамжлагчдын мэдэгдэлтэй нийцэхгүй байгааг мэдэгжээ. Улмаар мягмар гарагт уг ордон Фишерийн өв залгамжлагчидтай тохиролцоонд хүрснээ зарласан боловч тохиролцооны нөхцөлийг мэдээлээгүй байна.
Лхагва гаргийн орой болсон дуудлага худалдаагаар гурван минут орчим үнэ хаялцуулсны эцэст уг зураг 117.2 сая ам.долларын өмнөх дээд үнээс давж, 190 сая ам.доллароор зарагджээ.
Ван Гог сэтгэцийн эмнэлгээс гарсныхаа дараа Францын Овер-сюр-Уаз тосгонд амьдралынхаа сүүлийн саруудыг өнгөрүүлэхдээ цэцэглэж буй туулайн бөөр модыг дүрсэлсэн уг зургийг сүүлийн 50 орчим жилийн турш олон нийтэд дэлгэн үзүүлээгүй юм.
Блакьер-Арриэтагийн гэр бүл уран зургийн цуглуулгаа музейд түр үзүүлэхээр өгдөггүй байсан тул лхагва гаргийн дуудлага худалдаагаар үнэ хаялцуулсан 12 бүтээлийн ихэнхийг олон нийт сүүлийн хэдэн арван жилийн турш үзэх боломжгүй байжээ. Эдгээр бүтээлийг дуудлага худалдаагаар нийт 412 сая орчим ам.доллароор худалдсан байна.