Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын санг үүсгэн байгуулсны түүхт 105 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Үндэсний номын санг 1921 оны арваннэгдүгээр сарын 19-нд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд 2000 гаруй номын фондтойгоор үүсгэн байгуулсан түүхтэй. Өдгөө гурван сая гаруй ном, хэвлэлийн бүтээл, ховор нандин гар бичмэл, судар, бичгийн дурсгал бүхий арвин сан хөмрөгтэй болж, үндэсний бичиг соёлын өвийг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий эрдэм мэдлэг, оюуны өвийн томоохон төв болон өргөжин хөгжжээ.
Тус байгууллага монголчуудын оюуны өв, түүх, соёл, эрдэм мэдлэгийн үнэт бүтээлийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулахын зэрэгцээ номын сангийн салбарын хөгжил, шинэчлэлийг манлайлан, соёл, эрдэм шинжилгээ, судалгааны түшиц байгууллага болон төлөвшсөн байна. 105 жилийн хугацаанд ховор нандин ном судар, гар бичмэл, бичгийн дурсгалыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, үндэсний оюуны өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үе үеийн удирдлага, эрдэмтэн судлаачид, номын санчид, ажилтан, албан хаагчид үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.
Энэхүү түүхэн ойг тохиолдуулан номын сангийн салбарт өрнөж буй өөрчлөлт, шинэчлэлийн үндсэн ойлголтуудыг судлан, хэрэглээнд нэвтрүүлэх, салбарын судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин хөгжүүлэх замаар номын сангийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор “Номын сан судлал-2026” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр хоёр дахь жилдээ зохион байгуулах аж. Түүнчлэн “Эрдэмд хөтөлсөн 105 жил” тусгай үзэсгэлэнг Салбар номын сангийн үзэсгэлэнгийн танхимд гарган, олон нийтэд толилуулна.