Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Өмнөд Каролина мужийн Ажил эрхлэлт, ажиллах хүчний газарт ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй танилцлаа.
Боловсролын яамны мэдээлснээр, Өмнөд Каролина мужийн Ажил эрхлэлт, ажиллах хүчний газар нь хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, ажилгүйдлийн даатгалын үйл ажиллагааг удирдах, ажил хайгчдыг ажил олгогчидтой холбох чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм.
Тус байгууллагын хэрэгжүүлдэг SC Works сүлжээ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, өсвөр үеийнхэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхэд чиглэсэн олон талт хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг онцлогтой.
Тухайлбал, Ажил эрхлэлт, ажиллах хүчний газрын Youth Employment Site (YES) цахим платформоор дамжуулан суралцагчид анхны ажилдаа орох, карьерынхаа эхний алхмыг хийх боломжтой. Энэхүү платформ нь цагийн ажил, өсвөр үеийнхнийг ажилд авах сонирхолтой орон нутгийн ажил олгогчдын мэдээллийг хүргэдэг байна.
Мөн ахлах ангийн сурагчид, залуучуудад ажил мэргэжлийн суурь ур чадвар, харилцаа, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх зэрэг зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалт зохион байгуулж, шалгалтад хамрагдан албан ёсны гэрчилгээ авах боломж олгодог ажээ. Үүнээс гадна мужийн бүх тойрогт байрлах SC Works төвүүд нь залуучуудад анкет, намтар бичих, ажлын ярилцлагад бэлтгэх, өөрийн сонирхол, ур чадварт нийцсэн ажлын байр, карьерын боломжийг судлахад нь мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг.
Тус мужид хичээлийн жил дуусаж, зуны амралт эхлэх үеэр ахлах ангийн сурагчид, залуучуудын түр, цагийн ажил эрхлэх сонирхол эрс нэмэгддэг. Тухайлбал, зуны саруудад 16-24 насны залуучуудын ажиллах хүчний оролцоо мэдэгдэхүйц өсдөг байна.
Энэхүү туршлага нь сурагч, залуучуудыг сургуулийн орчноос хөдөлмөрийн зах зээлд шилжихэд нь эртнээс бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхэд боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын хамтын ажиллагаа чухал болохыг харуулж байгаа юм.