Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Баянхонгор аймйаг дөрвөн байр урагшилж, 12 дугаарт эрэмбэлэгджээ.
Уг судалгаа нь 21 аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшинг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу хараат бусаар үнэлдэг онцлогтой. Тус тайлан нь 2012 оноос эхлэн жил бүр боловсруулж, танилцуулж ирсэн судалгааны 15 дахь удаагийн бүтээл бөгөөд энэ онд ерөнхий дүнгээр Дархан-Уул аймаг тэргүүлж, Дорноговь, Орхон аймаг удаалсан байна.
Судалгааны хүрээнд аймгуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгээр үнэлдэг. Баянхонгор аймаг:
Аймгийн эдийн засгийн хэмжээ, эдийн засгийн салбаруудын хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг хэмждэг "Эдийн засгийн тамир тэнхээ"-гээр 17 дугаарт жагссан бол аймгийн төсөв, институцийн тогтолцоо, бизнесийн эрх зүй, нийгмийн тогтолцоог хэмждэг "Засаглалын үр ашиг"-аар 16 дугаарт жагсчээ. Харин хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, санхүү, менежментийн хэвшлийг үнэлдэг "Бизнесийн үр ашиг"-аар 14 дүгээрт, үндсэн дэд бүтэц, технологийн дэд бүтэц, боловсрол соёл, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны үзүүлэлтүүд багтдаг "Дэд бүтэц" бүлгийн 11 дүгээрт жагссан байна. Ийнхүү Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Баянхонгор аймаг 12 дугаарт жагссан юм.
Тус судалгаа нь Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх, тэдгээрийн давуу болон сул тал, өөрчлөлтийг тодорхойлох, орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах зорилготой. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь Үндэсний статистикийн хороо болон холбогдох байгууллагуудын албан ёсны статистик мэдээлэл, Монгол Улсын 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээлэл юм. Ингэснээр аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн эдийн засгийн тоон үзүүлэлтээр бус, бизнес эрхлэгчдийн үнэлгээ, орон нутгийн бизнесийн орчны нөхцөл байдлыг хамтатган авч үздэгээрээ онцлог.